Dark Light
Нийгэм | 2023-09-24

Нүүрсний хулгайгаас нүүрний хувиргалт хүртэл

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нүүрсний хулгайн шүүх хурал муур, хулгана болж хөөцөлдөхийн үлгэрийг утгаар нь үзүүлж байна. Шүүх хурлын үеэр хулгана гүйсэн нь төрөө хортон мэрэгчдээс цэвэрлэхийн дохио гэж өөдрөг үзэлтнүүд үзэж байгаа бол муур гарч ирэхийн цондон гэж эзотерикчид, ёр билэг судлаачид таамаглаж байна.

УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан брэндийн костюм зараад, аавынхаа сервант шкафтаа үлдээсэн марк, албан томилолтоор явахдаа үнэт чулуу чемодандаа хийж ирээд арилжин зарж, овсгоо самбаа гарган олсон мөнгөөрөө хаус хороолол, хурдан морины хоёр жүчээ барьсан юм байна. Ямар нэртэй брэндийн эрэгтэй хослол хаагуур зараад ийм их ашиг олов гэдэг нь бол нууц. Аюулын сайхан ашиг орлогын талаарх энэ мэдүүлгийг сонссон, дотуур хувцасны лангуутай бүсгүй 2 жилийн дараа хувьдаа онгоц авах зорилт дэвшүүлсэн байна. Хуушуурын гуанзтай залуу жилийн дотор цөм хийгээд Ламборжини, Феррари авах төлөвлөгөө гаргасан байна. Нүүрсний хулгайн хэргээс зугтаад нүүр царайгаа өөрчилсөн Д.Наранхүү гэгч Бээжинд баригдсаныг шувуугаар зуун авчрах гэж байна. Өгөр толгой Гүрсэд баруун аймгийн Батсайхан болсон  гэдэг шиг толинд хараад өөрийгөө ч танихгүйгээр өөрчилсөн боловч дугуйны хээ ахиж тавьдаг шиг технологи гараагүй тул хурууны хээгээрээ Хятадад баригдсан байна. 

Нүүрсний ч бай юуны ч бай хулгайн хэрэгт шүүгдэгчид өөрсдийгөө өмөөрөх, үгээ хэлэх эрхтэй. “Эрдэнэставантолгой”- захирал асан Б.Ганхуяг энд нэг шанага нүүрсний хэрэг байхгүй, намайг 9 сар хорихдоо ганцхан удаа байцааж, шүүх АТГ-ын захиалгаар ажиллаж байна гэж мэдүүлсэн. Энэ нүүрсний хулгай бол шанага, шуудай, хувингаар яригдах хэрэг биш, эд мөрийн баримтад нь хүрз, ажлын бээлий авагдахгүй, цагаан цаасан дээр, цагаан гараар, цагаан захтнуудын хийсэн байж болзошгүй хэрэг юм. Б.Ганхуяг намайг ганцааранг нь биш намын бүх гишүүдийг шүүгээч гэдэг шаардлага тавьж, намын даргаа эрж сурсан. Намын дарга нь авлигачид орилно, улам их орилно гэж хариу мэдэгдсэн. Б.Ганхуягийн эсрэг баримтууд бага мөнгө үү, их мөнгө үү? “Эрдэнэставантолгой”-н 1,5 их наяд төгрөгийн тендерт “Хишиг арвин индустриал” шалгарч байхад хүргэн ах Д.Пүрэвдорж нь хувийн цэцэрлэг ажиллуулдаг байснаа хувийн 22 хаус дархан цаазат Богд ууланд барьж, 17 тэрбумаар зарсан. Эхнэр П.Бадамханд нь Энхтайваны гүүрний урдах Regis place цогцолборт томоохон талбай авч, түрээслүүлж, зарж борлуулсан. Нүүрсний үнийн зөрүү барилгын материалын үнэ болж буцаж орж ирсэн гэж Ерөнхий сайд мэдэгдсэн.     


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19