1. Гэмтлийн эмнэлэгт хүнд өвчтөн тээвэрлэн ирж байгаа нисдэг тэрэг буух бүрдээ агаараас эсэргүүцэн хамгаалах хүчинтэй тулгардаг болсон байна. Энэ нь зенитийн их буу биш ч ёрдойсон урт кран, цэргийн анги биш барилгын компани юм. Нисдэг тэрэг газардах үед Гэмтлийн эмнэлэгтэй хаяа залган 15 давхар орон сууц барьж байгаа “Соргог баян далай” компанийн соргог биш үйлдэл, сарайж сэрийсэн кран савж уначих гээд, сэнс нь орооцолдон шүргэчих гээд асуудал бэрхшээл үүсгэдэг байна. Францын хоёр иргэнийг яаралтай тусламжаар хүргэх гэтэл кран сараалан сэрийлдэж, салхи шуурганд найгаж ганхаж байсан тул агаарт эргэлдэн хүлээхээс өөр аргагүй байдалд оржээ. Франц улсын тусламжаар авсан нисдэг тэрэг франц иргэдэд тусалж чадахгүйд хүрсэн нь бүр ч эмгэнэлтэй давхцал болжээ. Барилгын ажилчид Гэмтлийн эмнэлгийн хашааны хаалгыг дур мэдэж тайлж, машин тэргээрээ дүүргэн яаралтай тусламж хүссэн хүмүүст зай биш лай болдог байна.
2. 23-р сургуулийн захиргаа жорлондоо хоёр камер суулгасан байжээ. Хувь хүний эмзэг мэдээлэлд халдаж хууль зөрчсөнөө хүүхдүүд жорлонд нэгийгээ зоддог, электрон тамхи татдаг тулд айлгах гэсэн юм гэж тагнах чагнах үйлдлээ тайлбарласан байна. Их нь ичиж бага нь уйлах гэгчээр аюултай тоглоом нь аймшигтай шоглоом болох эрсдэлтэй.
3. Автомашинаа Монголд анх удаа цахимаар худалдсан, авсан хүн хоёулаа Булган аймгийн уугуул иргэд байсан байна. Өнгөрсөн 7 хоногт тээврийн хэрэгслийн гэрчилгээ E-Mongolia-д байршсан юм. Аль нэг тийшээ явахгүйгээр унаа тэргээ цахимаар авч өгч болдог, жишээ нь Америкт байгаа хүн машинаа тэндээсээ арилжиж худалдаж болдог болсон байна.
4. Сонгинохайрхан дүүрэг, Тахилтад сургууль орчмын замд төмөр унасан толгойгүй хүн, хурдтай давхиж яваад 12,13 настай хоёр охиныг дайрсны улмаас нэг нь амиа алдаж, нөгөө нь эмнэлэгт хүргэгдсэн байна.
5. “Сүү” ХК-ийн хорхой ааруул жинхэнээсээ хорхойтой ааруул болсныг иргэн Товуугийн Болд сошиалаар үзүүллээ. Хэлбэр төрхийн хувьд хорхой ааруулаа агууламж биетээр нь хорхойтой ааруул болгох шинэ бүтээгдэхүүн бол үйлдвэрээс санаачлаагүй юм байна.
6. Хонины бэлчээрт дараад авдаг цаг ард хоцорсон ч 21 дүгээр зуунд, хорвоо дэлхийн энд тэнд унждаг улаан хоолойндоо ухаан тархиа базуулсан монгол эрчүүдийн өдүүлсэн хэрэг явдал гарсаар байна. Хоккайдод барилгын ажил хийдэг эр дэлгүүрийн автозогсоолд байсан япон бүсгүйн уруул амыг озон авч, уухилан шунан үмхэлсэн хэрэг 9 дүгээр сарын 18-нд гарсан байна. 28 настай Д гэгч согтуу монгол эр 20 настай Японд 20 настай бүсгүйг цахилгаан шатанд чирч гулдран дарж унагахын хамт мөнгийг нь дээрэмдсэн, мунаг дээрээ шунаг хэрэг өнгөрсөн 3 дугаар сард гарч байсан юм. ҮХЦ-ийн дарга нь Д.Одбаяр Корэйн эйрийн онгоцны үйлчлэгчийн өгзгийг базан авсан бол Сэлэнгийн Мандал сумын дарга Чэжүд хүчингийн хэрэг өдүүлэн, 5 жилийн хорих ял авлаа. Чивэлт эрчүүдийн нүгэлт үйлдлүүдээс болж Монгол гэдэг нэгэн нэр ертөнцийн чихэнд шившиг болж үлдэхээс биш эдний нэрийг тоож цээжлэхгүй нь тодорхой юм. УИХ-ын гишүүн байхдаа халдашгүй дархан эрхээ буруугаар ойлгож, төрийн далбааны өнгөтэй дотоож угласан гэж андуурч “бандааш” Г.Гантулга ахин нэг удаа хүчингийн хэрэг үйлдэхийг завдсан гэх гомдол цагдаад ирсэн байна.
АДМИН








Нийгэм




