“Олон улсын ахмадын баяр”-ыг тохиолдуулан Цэргийн гавьяаны одонт Зэвсэгт хүчний 234 дүгээр ангиас Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгон дахь төрийн байгууллага, аж ахуй нэгжийн дунд үндэсний уламжлалт спорт тоглоомын нэг болох шагайн харвааны тэмцээнийг зохион байгуулж явууллаа. Энэ нь “Ахмад шагай харваачдаас суралцах нь” зорилго дор хүүхэд залууст үндэсний тоглоом наадгайг сурталчлах, хамт олонч, ахмад үеэ хүндэтгэх уламжлалт ёс, жаягийг өвлүүлэхэд чиглэсэн юм.
Тэмцээнийг багийн харваа, цуваа харваа төрлөөр зохион байгуулж, ахмад, залуу харваачид цэц мэргэнээ сорин өрсөлдөхөд тэргүүн байрт хурандаа Г.Эрдэнэбаяр захирагчтай Зэвсэгт хүчний 234 дүгээр анги, дэд байрт Хялганат тосгоны Захирагчийн ажлын алба, гутгаар байрт Хялганат тосгоны Ерөнхий боловсролын сургуулийн хамт олон тус тус шалгарав.
Цуваа харвааны төрөлд аймгийн гоц мэргэн Д.Энхжаргал, Д.Эрдэнэбулган болон Д.Төмөрбаатар нар шагналт байруудыг эзэллээ.
Мөн есдүгээр сарын 22-ны өдөр тус ангийнхан тэтгэвэр чөлөөнд суугаа ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Ангийн захирагч Г.Эрдэнэбаяр “Зэвсэгт хүчний хөгжлийн нэгэн үеийг амжилттай үүрч явсан та бүхнээрээ бахархаж байна” гээд усчин дайчид Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслүүдийг илрүүлж татан гаргах үүргийг нэр төртэй гүйцэтгэж байгааг онцлон тэмдэглэж, ангид өрнөж байгаа ажил, арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
Энэхүү арга хэмжээний төгсгөлд “Ахмадуудаа дээдлэн хүндэтгэе” цэнгүүнийг зохион байгуулж, хүндэтгэлийн зоог, урлагийн тоглолтыг ахмад дайчдадаа өргөн барилаа.
АДМИН








Нийгэм




