Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний 20 жилийн ойг угтаж, Аврах анги, Гал түймэр унтраах, аврах ангиудын алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор нийслэлийн Онцгой байдлын газрын “Мэргэжлийн аврагч-2023” тусгай бэлтгэлийн дадлага сургууль энэ сарын 26, 27-ний өдрүүдэд 3 үе шаттайгаар амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Тус дадлага сургуульд нийслэлийн Аврах анги, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн 16 багийн 128 тамирчид бэлэн байдлын үзлэг, бүлгийн даргын ажиллагаа, аврагчийн цогцолбор дасгал, байр зүй, нурангид дарагдсан нэрвэгдэгчийг аврах, үзэгдэх орчин хязгаарлагдсан өрөөнөөс нэрвэгдэгчийг гаргах, өндөр барилга байгууламжаас нэрвэгдэгсдийг буулгах, химийн хорт бодисоос хамгаалах ажиллагаа, жолоочийн ур чадвар, буухиа гүйлт, уснаас нэрвэгдэгчийг гаргах ажиллагаа гэсэн 11 төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.
Дадлага сургуулийн нийлбэр дүнгээр Тэргүүн байранд Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн баг тамирчид шалгарч шилжин явах цом, алтан медаль, үнэ бүхий зүйлээр шагнагдсан бол дэд байранд нийслэлийн Аврах анги, гутгаар байранд Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 14 дүгээр ангийн баг тамирчид шалгарлаа.
Харин шилдэг офицероор Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн салааны захирагч, ахлах дэслэгч Ч.Батсайхан, шилдэг аврагчаар Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 18 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Г.Ганболд, шилдэг усчин аврагчаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчин ахлах ахлагч П. Үүрцайх нар тус тус шалгарч шагналаа гардан авлаа.
Тус газрын дарга, хурандаа А.Дашням хэлсэн үгэндээ, алба хаагчдын мэргэжлийн ур чадвар өндөр байх нь эрдэнэт хүний амь насыг цаг минуттай уралдан аврахад маш чухал гэдгийг онцлоод зөвхөн нэг төрлийн аврах ажиллагаанд бус бүх төрлийн аврах ажиллагаанд суралцаж эзэмшсэн байхыг цаг үе, иргэд биднээс шаардаж байна. Тиймээс өөрсдийгөө цаг тутам хөгжүүлж, мэргэжилдээ бүрэн эзэн байж, авран хамгаалах ариун буянтай үйлсдээ амжилт гаргахыг хүслээ.
АДМИН








Нийгэм




