Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2, 3 дугаар багийн 50 айлын жишиг гудамж төслийг эдгээр 50 айлын нэгдмэл хүсэлтийг харгалзан 2020-2021 онд хэрэгжүүлж дууссан. Гэр хорооллын иргэдийнхээ байшингийнх нь дэргэд халуун, хүйтэн, бохирын шугамыг нь оруулж, дэд бүтцийн төвийг дэргэд нь барьсан.
Төсвийн даалгаварт мөнгө тусгаагүй олон ажлыг хийж, айл бүрийн үүдэнд сүүдрэвчтэй, хогийн савтай, амарч суудаг сандалтай байгаасай гэж 50 айлын гаднах орчныг бүрэн тохижуулжээ.
Зүлэгжүүлж, тоглоомын талбай, биеийн тамирын талбайг шийдсэн. 50 айлын бүх хашааг 100 хувь нэг загварт оруулж, үзэмжтэй болгосон. Гудамжны 2 талыг хааж машин явахгүй болгож, аюулгүй байдлаа хангасан. Айлууд ар өврийн хаалгаараа машин тэргээ оруулж гаргадаг шийдлээр хийсэн ийм загвар төсөл болж чадсан.
Өнөөдрийн байдлаар айлуудын 90 гаран хувь нь инженерийн шугам сүлжээнд холбогдсон. Өвөлдөө 1 айл 60-80 мянган төгрөг төлдөг. Инженерийн шугам сүлжээнд холбогдсоноор үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ өсөж, зах зээлийн нийгэмд том боломжийг иргэдэд олгож чадсан. Цаашид энэхүү дэд бүтцийн төвийг түшиглэн 100 айл инженерийн шугам сүлжээнд холбогдох бүрэн боломжтой.
Ерөнхий сайдын зүгээс "Мөрөндөө сайхан амьдарцгаая" хөтөлбөрийг гэр хорооллуудад хэрэгжүүлэх жишиг төсөл болж чадсан гэдгийг онцлоод улсын хэмжээнд хэрэгжүүлэхэд анхаарч, зураг төсөв, шийдэл, хөрөнгө оруулалтын боломжуудыг судлах чиглэл өглөө.


АДМИН








Нийгэм




