Шинэ ч юм шиг хуучин ч юм шиг, Солонгосынх ч юм шиг, Вьетнамынх ч юм шиг, 1993 оных юм шиг, 2023 оных ч юм шиг, нууц ч юм шиг, нууц биш ч юм шиг автобусны талаарх хараал ерөөл тасралтгүй хөвөрсөн 7 хоног болж өнгөрлөө.
Албаныхан Солонгост эд ангийг нь үйлдвэрлээд, Вьетнамд угсарсан автобус гэж албаны хүн мэдэгдсэн. Харин зарим иргэн Вьетнамд угсарсан 80 автобусны цуваа юм уу, вьетнам засварт орохоор явж байгаа автуузнууд юм уу? гэж андуурч эндүүрсэн байна. Шууд хуучин гэхээр мотор, кроп, эд ангиуд нь шинэ, дулаалгатай, утас цэнэглэх оролтуудтай юм. Шууд шинэ гэхээр 21 жилийн өмнөх 2002 оны BS-106 гэдэг загварын автобус болчихоод байдаг. Өө аль амбасын үеийн загвар байна шүү дээ гэхээр өмнөө new буюу шинэ гэдэг үгтэй, лед гэрэлтэй болсон юм байна. Шинэ юм гээд хэлчихье гэхээр Ланд-300-гийн өвөө, бүү хэл, Ланд-200-гийн аав, Ланд Круйзер 105-тай үе чацуутан юм байна. Шинэ юм уу даа гэхээр Приус сураггүй байхад, Эскел суутай байсан цаг үеийн загвар болчихоод байдаг.
Арлын дугаараар нь хөөвөл RLLUM57HEPVV50066 гэсэн эртний маягийн бичээс шороо тоосны цаанаас малтлагаар гарч ирнэ. Интернэтэд оруулаад хайхаар DAEWOO биш юм гэхэд солонгос нөхөртэй вьетнам хүүхэн ч юм уу, Дэү-гийн худ ураг, вьетнам хамаатан гэх баримт мэдээлэл гарч ирэхгүй байгаа ажээ. KL, KR гэсэн үсэг байвал Солонгосынх, JA, JT гэх мэтээр тэмдэглэсэн бол Японых гэдгийг нь заадаг. Харин манай нооройсон хэдэн ногооны RL гэсэн үсэг аль ч улсад хамаарахгүй, R нь Рашаант сум, L нь Лүн сумтай хамаарч байна уу гэхээр үгүй л юм шиг байна. Гурав дахь үсэг нь үйлдвэрлэгч компаниа илэрхийлдэг. Ногоон автобусны арлын дугаарын 3 дахь үсэг нь L. Иргэн Л гэдэг шиг автобус Л нь Америкийн Линкольн машины нэрийн эхний үсэгтэй тохироод ч байх шиг. Нийтийн тээвэрт Линкольн явах ч юм шиг. Бүр туулайчлаад явж болдог Линкольнтой ч болж байх шиг. Албаныхны тайлбарлаж буйгаар автобусны арлын дугаар дахь P үсэг 30 жил тутамд давтагддаг юм байна, 1992 оных 2022 онд, 1993 оных 2023 онд ахин тохиосон юм шиг байна.
Дампуурсан “Дэү” корпорацийн босс талийгч Ким Ү Жүний “Хорвоо дэлхий уудам, хийх ажил их байна” хэмээх үгийг нь одоо ч манай улс төрчид хуулбарлан хэрэглэж, сүнсийг нь дуудан босгосноос Монголын нутаг уудам, хийх хэрүүл их болсон ч юм шиг.
Тендер нь нууц гэхээр нууц биш, нууц биш гэхээр нууц болсон ч юм шиг. Тагнуулын газрынхан үндэсний аюулгүй байдалтай хамааралтай гэж зөвлөснөөр тендерийн хуулийн 3-ын 4 дэх заалтыг баримтлан 600 автобус худалдаж авсан гэж албаныхан тайлбарлаж байна. Хар утаа хаялан мөлхдөг өвөлдөө хөлдөөгч, зундаа зуух болдог хуучин автобуснуудаа хуугаар нь солих ажил энэ жил явагдаж байна. Долоон компани үнийн санал ирүүлснээс “Тэнүүн-Огоо” гэдэг компани ялсан. Том оврынх нь 330 сая, дунд хэмжээнийх нь 218 сая, цахилгаан автобус нь 626 сая төгрөг. Үүнээс 55 цахилгаан автобус нь шугамд явж эхэлжээ.
Дашрамд өгүүлэхэд, Цэцэг Бямбаа гэх хүн хэд хэдэн сайтыг автобусны мөнгө идэлцсэн гэж цуурсан байна. Автобусны мөнгө идэлцсэн бол энэ мэдээ гарахгүй. ХҮН намынхны эсэргүүцэл, иргэдийн эргэлзээ, шүүмжлэл, албаныхны тайлбарыг ч дурьдан хөндөу, аль нэг рүү нь хэлбийлгүй бүх талуудын байр суурийг хэвлэл мэдээллийн хэрэгслийн ёс зүйн дагуу тэнцвэртэй орууллаа. Тэгэхдээ мэдээж шок шог мэдээнийхөө өнгө аяс, үг хэллэгээр мэдээллээ. Ингэхэд харин хүндэтгэн хэлбэл магнай Цэцэгээ өөрөө л zuv.mn-ий нэрээр буруу юм хийж, өмнөөс нь нэрийг нь бариад мөнгө авчихсан юм байна лээ шд ээ. Бид Сэлбийг тохижуулна гэж өндөр цалин хөлс, элдэв зардал аваагүй, бид автобус идээгүй, бид автобусаар явдаг.
АДМИН








Нийгэм




