Өглөө кинонд жанжин Сүхбаатарын хэлдгээр сэлэм Тогмид төрийн яаманд танхайраад сахилгад суусан, ээж нь арын хаалгадахаар очиход хайртай учраас хашраг гэдэг. Харин Бадамын Махбал бол төрийн яаманд хүн алаад, эдлэх ялаа дуусгалгүй гэртээ харилаа. Явах хүнээр ачаа бүү татуул гэдэг бол Х.Баттулга бүрэн эрхийнхээ сүүлийн өдөр, бүдүүн зүрх гаргасан хамгийн сүүлийнхээ гарын үсгээр Б.Махбалын ялын 25 хувийг уучлан хасч өгчээ. Эдлэх ялынхаа 25 хувиар их хямдрал авсан Б.Махбал нарсанд биш наранд, нааран модон дээр биш паартай сууцанд амьдрах боллоо. Хасагдсан ялаас тооцохоор Б.Махбал 11 жилийнхээ 7-г нь буюу гуравны хоёрыг нь биеэр эдэлсэн тул засрал хүмүүжлийг олсон, ариусан гэгээрч, нинжин сэтгэлийг үүтгэн, нисванис гэмийг эгнэгт ялж төгс боловсорсон гэгдэн суллагдсан бололтой юм. Зам тээврийн яамны байранд нэг газрын дарга нь өөр нэг газрын даргынхаа амийг хөнөөж, нэг нь шороонд булагдаж, нөгөө нь шоронд орсон. Дөрвөн хүүхдийн эцэг Т.Гомбосүрэн гэдэг залуу үүрд шороон дор орсон бол амийг нь хөнөөсөн Б.Махбал шорон дотроос гарлаа. Анхан шатны шүүхээс Б.Махбалд 13 жилийн ял оноосон ч давж заалдах шатанд 11 жил болгон багасгаж, Ерөнхийлөгч Х.Баттулга 1 жил 11 сар 21 буюу ахиад бараг 2 жилийг нь хасчээ. Амьдын зол, үхсэний хохь гэж гашуун боловч ардын үнэн үг ажээ.
Нийгэм | 2023-10-01
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм




