Манай улс төрчид эх орноо ихэд хайрлан омогших боловч биесээ намнах мөнгө нь хүртэл эх оронч биш. Өөрийгөө өргөмжлөх, өрөөлийг доош хийх өнгө мөнгө нь хүртэл төгрөг биш доллар. МЕТА буюу фэйсбүүкийн Цүкербэрг захирлыг бүүстэлнэ. Х- буюу твиттерийн Маск захиралд маш их ашиг оруулна. Цаашлаад yahoo-гаар яах уу, yoiutube-ээр юу туух уу, юу түүх үү гэж доллар, евро, койноор төлбөр хийдэг.
Гадаад хэлтэй хүн цөөхөн байхад, гадаадын бүхнийг шүтдэг байхад гадаадын хэвлэл л бол гайхалтай гэж үздэг бохир технологи 10 жилийн өмнөөс ашиглагдан ирснийг саяхны нэг жишээ баримт сануулж байна. Adam Balogh гэх хаягаар yahoofinance.com-д ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн талаарх ноцтой мэдээ 2023 оны 9-р сарын 27-ны 03.02 тавигдсанд факт чек хийжээ. Sonin.mn сайтынхан факт чэк хийж, нийтлэлчийн хаягаар нь мөшгивөл тийм хаяг манай ертөнцийн Герман улсад бол огт байдаггүй, хамгийн дөт ойрхон фэг нь дөрвөн замын уулзвар, гэрлэн дохио болж таарсан байна.
Хэрвээ Адам гэдэг хүн байдаг бол манайхаар бол баруун юм уу, зүүн дөрвөн замын яг тэхий голд, гэрлэн дохион дунд амьдардаг хачин хүн юм байна. Улаан гэрэл асмагц амжиж унтаад, ногоон гэрлээр зам гарчихаад буцаж ирэх маягаар амьдардаг байж мэдэх Адам гэгчид ажлын гэрийн хаяг байхгүй, бас утас ч байхгүй, зөвхөн мэйл тавьсан байдаг ч түүндээ хариу өгдөггүй ажээ. yahoofinance.com нь эх сурвалжаа гэж заасан newsdirect.com нь Грег Кастано гэдэг хүний 2023 онд байгуулсан төлбөртэй мэдээний талбар, өөрсдийгөө пиарын агентлаг гэж ил тод зарлажээ. Гадаадынх л бол гайхамшиг гэж бид сохроор итгэдэг ч фэйсбүүкт 349, твиттерт 248, youtube-д 196 хан дагагчтай, инфлүүнзер бүү хэл эгэл жирийн монгол хүнээс ч цөөхөн хүрээлэлтэй атал монголчууд бие биенээ намнах гэж мөнгө төлж цулайлгажээ. Энэ сайт руу ороод төлбөрөө төлсөн л бол хар тамхи ч сурталчилж болно.
Мөнгөө төлсөн л бол хар тамхи ч рекламдаж болдог учраас тоогддоггүй хуудас бололтой. Хамгийн хачирхалтай нь сайтад заасан platodata.io нь төлбөрөө койноор хийж болно. Хар тамхи зарахаар койноор төлбөрөө хийж сурталчилсан этгээдийн нуугдах боломжтой юм байна. Бид энэ удаад нийтлэлийн үнэн худлыг гэхээсээ нийтлэл төлбөртэй юу, мөнгөө өгсөн л ямар ч хөгжим захиалж болдог юм уу, нэгэнт л төлбөртэй гэж зарладгаас хойш ядаж бие биесээ муулах мөнгөө гадаад биш дотооддоо үлдээж, койн, доллар биш төгрөгөө ашиглаж болдоггүй юм уу гэдэг асуултыг sonin.mn сайтын мөшгисөн баримтад үндэслэн тавилаа. Гэхдээ л үнэн төлбөртэй байхаараа л худалдагчихсан байдаг гэдэг үгтэй юм даа.
АДМИН








Нийгэм




