Оросын Төрийн Думын дарга Володин их эзэн Чингис хааны хөшөөнд толгой бөхийх албагүй ч толгой мэхэсхийх төдийд хүндэтгэх ёс зүй, наад захын соёлгүй гэдгийг би ч харлаа, та ч харлаа, та бид бүгдээрээ л харлаа. Францын Макроноос, НҮБ-ын Гутереш хүртэл, тэр бүү хэл Оросын Путин өөрөө, тэрбум хүний шүтээн, насан өндөр Ромын Пап хүртэл ч тэргэнцрээсээ босон мэхийх нь хормын төдийх үйлдэл мэт боловч аливаа үндэстний түүх, соёл, бахархлыг хүндэтгэх соёлтой соёлгүйн ялгаа, хараа, сэтгэлгээний царааны илрэл. Ертөнцөд урьд хожид үгүй агуу их эзэнт гүрнийг үүсгэж, Монголын их энх тайвныг тогтоон, элч, дипломатын ёс горим, чөлөөт худалдаа, улс үндэстнийг шашин шүтлэгээр нь үл ялгах үзэл, анагаах ухаан, одон орон, арга технологи, ололт мэдлэгийн солилцоог өртөөлөн явуулж, дэлхийн орчин үеийн анхны иргэн гэгдэж буй мянганы суут хүнийг мянга мянган жил хүн төрөлхтөн нэг хүнээр дутахгүйгээр хүндэтгэсээр байх нь эргэлзээгүй юм. Цэрэг бол нөхөгдөнө, эхчүүд байхад төрнө, харин зэвсэг техник л илүү хайран гэж хөлдүү төмрийг алтан амиас илүү үзсэн маршал биш. Хүнээ олноор алуулж, хүний цөөнийг ухраагаагүй, хүний цөөнөөр хүний олныг бөхийлгөсөн Чингис хаантай эн тэнцэх их цэргийн жанжин хойно, урд аль ч зүгт ахин төрөөгүй нь маргашгүй үнэн билээ.
Балга шатахуунаас болж эзэн Чингис хаанаа хүндлэхээ болих монгол хүн бол байхгүй. Өвөг дээдсийн үүх түүх, үндэсний их бахарлаа балга түлш, шанага шатахуунаар худалдаад засуулж хөгнүүлсэн гөлөг шиг, соёогоо мултлуулсан чоно шиг гиншиж байвал талын хүлэг баатруудын түүхийн холоос дуулдах уухайн дуун замхрах биз ээ.
АДМИН








Нийгэм




