Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний онол, арга зүйн цугларалтад оролцох үедээ Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалд ажиллалаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийг төрийн хүндэт ёслол төгөлдөр угтан авсны дараа Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал Хуурай замын цэргийнхний бэлэн байдал, бэлтгэлжилт, сургалт бэлтгэл, гадаад харилцаа, нийгэм хамгаалал, ногоон байгууламж, инновац шингэсэн бүтээлч ажил болон цэргийн захиргааны удирдлагыг бие даан хэрэгжүүлэхтэй холбоотой мэдээллийг танилцуулгаар хүргэв.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс хугацаат цэргийн албаны тогтолцооны шинэчлэлийг эрчимжүүлэх, дэвшилтэт технологи, инновац, туршилт, судалгааны үр дүн, шинэ бүтээл, оновчтой санал нэвтрүүлж байгаагаа улам идэвхжүүлэх, цэргийн мэргэжлийн боловсрол, сургалт бэлтгэлийн тогтолцооны шинэчлэл, чанар, үр нөлөөг дээшлүүлэх, удирдлагын болон цэргийн алба хаагчийн манлайлал, ёс зүй, төлөвшил зэрэгт онцгой анхаарч ажиллахыг санууллаа.
Төгсгөлд нь тэр бээр Хуурай замын цэргийн командлалын “Алдрын танхим”-аар зочилж, алба хаагчдын ажиллаж буй орчин нөхцөлтэй танилцахын зэрэгцээ маршал Х.Чойбалсангийн нэрэмжит Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны Улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлд ажиллалаа.
АДМИН








Нийгэм




