Dark Light
Нийгэм | 2023-10-06

“Өнөөгийн Монголын нийгмийн ёс суртахууны өөрчлөлт, хандлага” хэлэлцүүлэг болно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Их Хурал энэ хаврын ээлжит чуулганаараа Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг баталсан. Энэ оны 07 дугаар сарын 03-наас хүчин төгөлдөр мөрдөгдөж буй уг хуулиар төрийн албан хаагчийн ёс зүйн зарчим, нийтлэг хэм хэмжээг тогтоох, сахиулах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, янан шийдвэрлэх, хариуцлага хүлээлгэх, олон нийтэд мэдээлэх харилцааг зохицуулаад байна. Хуулийн үйлчлэх хүрээг өргөтгөж, төрийн албан хаагчийн хүнлэг, энэрэнгүй, үнэнч шударга, хариуцлагатай, хамтач байх, ёс зүйн манлайллыг үлгэрлэх зарчмыг тогтоон,  зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийг Улсын их Хурал баталж, мөрдүүлэхээр тусгасан. Мөн Ёс зүйн хороо, дэд хорооны бүрэн эрх, ажиллах зарчмаар тодорхойлон хуульчилж, төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчилд хүлээлгэх хариуцлага, авах арга хэмжээг зааж өгсөн юм.

Хуулийг дагаж мөрдөх, сурталчлах, төрийн албанд ёс зүй, сахилга хариуцлагын оновчтой тогтолцоо бүрдүүлэх, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэх хүрээнд Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооноос МУИС, ШУА-тай хамтран “Өнөөгийн Монголын нийгмийн ёс суртахууны өөрчлөлт, хандлага” хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна. 2023 оны 10 дугаар сарын 09-ний даваа гаригт Төрийн ордны “Жанжин Сүхбаатар” танхимд 14.00 цагт эхлэх хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нээж, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга, доктор Б.Баттөмөр удирдан явуулна. МУИС, ШУА-ын эрдэмтэн, судлаач нар ёс зүй, ёс суртахууны тулгамдсан асуудал, олон улсын туршлагын талаар илтгэл тавьж, хуулийн хэрэгжилтийг үр дүнтэй хэрэгжүүлэх талаар оролцогчид нээлттэй хэлэлцэж, зөвлөмж гаргана гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19