Олон түмэн нүдээр харж, гараар барьж үзээд, нойлын ногоон тэг гэдэг дүн тавьж, цавчаа ногоон гэж хоч өгсөн нооргор ногоон автобусны хэрэг явдал ногоорсон нойтогносон юм болж, ноцтой, но-той баримтууд дэлгэгдсээр байна. Өнгөрсөн 7 хоногт цавчаа ногооны талаар хуучин ч юм шиг шинэ ч юм шиг, ориг ч юм шиг хулхи ч юм шиг гэж мэдээлж байснаас хойш бүх эргэлзээ бүгдийн өмнө тайлагдлаа. Олон түмнээрээ л шинэ биш хуучин, ориг биш хулхи гэдгийг нь харлаа, тэмтэрлээ, үзлээ. Зайл мотор зайлахаар болж, зарим улс төрчид ч зайллаа.
Жорлонгийн хоолойны булан төмөр гараар гагначихсан, крантны бариул зоочихсон, хөргөлтийн систем гэж хоосон сав сул хаячихсан, эрэг боолт нь энд тэндээ онгойж харласан, илүү гараад ёрдойчих, төмөр амбаарт ч гологдох будаг шунх нь төв талбайн цементэн дээр пурхийж үлдсэн Евро-5 автобус ертөнцөд одоогоор байхгүй нь тодорхой боллоо. Бүрэн эрхтэй дарга сайд нар, бүтэхгүй ногоон автобустайгаа бүрэнхий үдшээр хаашаа ч цувна вэ гэж айхгүй. Бүтэхгүй ногоон автобуснуудаа бүрэнхий үдшээр наашаа цувуулсан жанжингууд тэсрэх бухимдал, исгэрэх үгэнд өртөн унаж, буцаан явуулахдаа хүрч, бууж өглөө. Гагцхүү цавчсан ногооны хэргийг цавчихгүйгээр харж, давхар дээлүүдийнхээ нэгийг нь тайлчихлаа, дан дээлтэйгээ даараа болов уу яагаа бол гэж өмөлзөж өрөвдөхгүй, төөрсөн гөлөгнүүд биш тунгаадаг хүмүүс гэдгээ харуулах цаг ирлээ.
Түгжрэл хариуцсан сайдынхаа хоргой торгон дээлээ тайлж эвхлээ гээд Ж.Сүхбаатар УИХ-ын гишүүний дан дээлтэйгээ үлдээд даарах уу? Хотын даргаа орхиод, хотын намын даргатайгаа үлдэх нь ёс зүйн хариуцлага ёсоороо мөн үү? Огцроод л болчих юм бол олон түмнээрээ цавчаа ногооныг барьж үзэж, бахардан бухимдсаны хэрэг гарах уу?
Баяраа өөрөө л ширээнээсээ унасан гэдэг шиг цавчаа ногооны замаск дээр халтирч унасан дарга, сайд хоёр бөхөөхөн бургас олдвол шүүрчих гээд, томхон дэр таарвал авч унах гээд байна. Түгжрэлийн саад \биш ээ\ сайд, хотын дарга хоёр би үхэхээр чи үх, би мэдэхгүй, чи л мэднэ гэж бие бие рүүгээ чихэж нэг үзээд, тэрний өрөөнд анх танилцсан, энэний хажууд царайг нь үзсэн, тэгэхдээ одоо ч танихгүй гэлцсээр л бөмбөг тоглож байгаа. Төсвийн эрхээ би хотын даргад шилжүүлчихсэн гэж нэг нь сүхэдсэн бол нөгөө нь төсвийн захирагч нь Сүхбаатар шүү дээ гэж нөгөө нь сумлав. Сүх далайсан, сум шагайсан хоёр хүн энэ хооронд эзгүй байсан генсек рүүгээ онилж бас нэг үзэв.
Ер нь хэн, хаана, хэзээ төр, цагдаа, автобусны жолооч, хувийн хэвшлийнхэнтэй олуулаа гарц шийдэл ярьсан нь чухал биш. Паркаа шинэчлэх хэрэгцээг далимдуулж цавчаа ногоон болгосон нь нүдэнд илхэн, мартах ёсгүй баримт. МАН, АН, ХҮН-ий улаан, хөх, ягааны аль нь цавчаа ногооны талаар шүгэл үлээсэн, хэн шүгэл захиалсан нь биш хохирлоо хэрхэн барагдуулах вэ, хэзээ хуучин биш шинэ, хулхи биш ориг автобустай болох гэдэг нь бидэнд сонин байна.
Хулхи ногооныг ориг, хуучин автобусыг шинэ гэж дөргүй бух шиг гөжүүдлээд байсан хурган төлгөн дарга нар эхнээсээ цагдан хоригдлоо. Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар мөрдөгчид гэрт нь очихтой зэрэгцэн гэдсээ хүүллээ. Шударга самүрай шиг бүшидогийн замналаар нэр төрөө эрхэмлэн өөртөө харакири хийгээгүй л байх, шоронд биш эмнэлэгт цаг хожих гэсэн үйлдэл төдий байх.
Эцэст нь хэлэхэд “Тэнүүн-Огоо” компанийг дэмждэг Дарханы улс төрч гэдэг нь яг хэн бэ? Дарханд төрж өссөн Ж.Сүхбаатар байх магадлал хамгийн өндөр. Тэнүүн-Огоогийн А.Ганхуяг тэр хоёр Дарханых. Хуучин цавчаа ногооныг нэг бүрийг нь 336 сая төгрөгөөр авсан Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дарга Г.Энхтайван гэгч нь Ж.Сүхбаатарын шадар зөвлөх, гарын туслах нь байсан, хайрт шавь нь юм. Бас нэг хайрт шавь, Энхтайвангийн нэг ангийн найз Д.Батзориг нь хотод түгжрэл бууруулах төслийн дарга. Цавчаа ногооныг хүлээж авсан автын ашиглалтын инженер Э.Бат-Оргил нь “Тэнүүн-Огоо”-д ажиллаж байгаад хувийн хэвшлээс хувьсгалын талд орсон нь хуучныг шинэ гэж дүгнэх томилолт өвөртөлсөн ирснийх ч гэж үзэж болохоор байна. Зайл мотор зайллаа, 500-г биш 80-ыг авчхаад молигодуулснаа мэдлээ. 130 тэрбум бага биш их мөнгө ч, галт тэрэг нь хөдлөө явчихсан хойно ирээд таксидсан тулдаа 5 хан минут хоцорлоо гэдэг шиг тамхилж тайвшрах цаг биш.
АДМИН








Нийгэм




