Dark Light
Нийгэм | 2023-10-08

Ганхуягуудын гайхамшиг үргэлжилсээр

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өвөрхангайн наадмын их шөвөгт гурван Цоодол үлдэж байсан бол өнөөдөр Монголын их дуулианы талбарт гурван Ганхуяг торойн томбойж, тодрон тонтойж байна.

Эхнийх нь “Эрдэнэставантолгой”-н захирал асан Б.Ганхуяг. Нүүрсний хулгайн хэргийн шүүгдэгч. 40 их наядын нүүрсний хулгайн дэргэд 40 хөн тэрбумын хэрэгтэй гэж өөрийгөө өмгөөлж буй. Нэг шанага нүүрсний хэрэг байхгүй гэж мэтгэж байгаа ч хаус хороолол, спорт заал, шилэн барилга зэргээр эд мөрийн баримтууд нь ажлын бээлий, хүрз, шуудай жоотуу, лоомтой огт хамаагүй.  

“Тэнүүн-Огоо”-гийн А.Ганхуяг гэгч тэнүүхэн овсгоо нь хуучин автобусыг шинэ, хулхи тэргийг ориг болгохдоо тулсан, Дарханд төрөөд даам гарсан нөхөр. Нийслэлийн нийтийн тээврийн газрын даргыг ажлын өрөөнд нь зодох, хулхи ногооны төлбөрийн урьдчилгаа 70 тэрбумыг Солонгосын зуучлагч, үхрийн шарсан махны газрын хаягтай компанид шилжүүлээд, үлдэгдэл 60 тэрбум хаана байгааг хэлэхгүй, чаддаг юм бол олоод аваарай гэх шахуу шазуур зууж байгаа. Ингэхэд 60 тэрбум гэдэг муу ёрын тоо ахиад л сэрчихлээ. Евро-2 автобусан дээр Евро-5 бичиг нааж, ёстой сайхан шинэ автобус, бүр лед гэрэлтэй гэх зэргээр сэтгэл тэнүүн ярьж тас мэлзсэн тэс зөрсөн нөхөр.

Гурав дахь нь “Ард” санхүүгийн нэгдлийн Ч.Ганхуяг. Сангийн дэд сайд байхдаа талхны үнэ мэдэхгүй бажигдаад, бантсандаа баахан талх өрөх мэтээр “талх” хэмээх цол гуншинтай болсон. Төрийн ордны зүг монгол салаавч гаргасан хамтлагийн гишүүн. Үүдэн шүдээ хугалуулсан залуу бүсгүйн мэдүүлснээр бааранд дүү, хүүтэйгээ хамт нөхрийг нь ч бас хамгаалагч нар барьж байхад өшиглөж тангараад,  хэрэг үүсмэгц нь хариу болгож брэндийн хувцсыг минь урж хохироосон гэх өргөдөл гаргасан. Би бүсгүйчүүдэд зодуулсан, би хохирогч  гэдэг ярилцлага өгсөн. Залуу бүсгүйн шүднээс өмд цамцаа хайрласан, талхны үнэ мэдэхгүй ч брэндийн хувцасны үнэ нэхдэг Ганхуяг. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19