Өөрөө бол Дорноговиос сонгогддог ч, өөрийнх нь компани Сэлэнгээс төмрийн хүдэр олзворлодог, говь хангай хосолсон улстөр-бизнестэй Б.Дэлгэрсайхан өөрийнх нь хэлснээр бол түгжрэлийн сайд гэдэг хайруулын тавган дээр суулаа. Халдашгүй дархан эрхтэй хайран өгзгөөрөө хайруулын тавган хиншүү үнэртүүлэн суух болсон хайран өгзөг. Б.Дэлгэрсайхан бизнесийн арвин туршлагатай юу гэвэл туршлагатай. Аль 17,18 жилийн өмнө АН-ын С.Баярцогттой хамт оффшор данс нээж, олон сая доллар нууж явсан туршлагатай. Хувь заяаны тохуурхлаар сонгогдсон тойрогт нь 12 настай охин алга болж, аймгийнх нь хэмжээгээр камер биш камерын сэг хоосон ёрдойж байсан нь эрэн хайх, мөрдөн мөшгөхөд гай болж байгаа энэ үед Б.Дэлгэрсайхан сайдаар томилогдож таарлаа. Өөрөө цагтаа цагдаа байсан хүн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүүхэд багачууд, хүн амын аюулгүй байдлыг сахин хамгаалах талаар анхаарсан бол ниргэсэн хойно нь хашхирч нисдэг тэрэгний түрээс хувиасаа төлөхөөс илүү үр дүнтэй байх байлаа.
Х.Нямбаатар хотын дарга болохоос өмнө биш ядаж сарын дараа угаадас цацаарай гэж хүслээ. Маргааш нь 3 сарын дараа цацаарай гэж угаадас цацах ёслолын товыг сунгаж амжлаа. Сонгинохайрханы сонгогчид гэж сонин тавилантай хүмүүс. УИХ-ын гишүүнээр сонгоод явуулсан улс төрчид нь хугацааныхаа эхэнд юм уу төгсгөлд, хотын дарга болчихдог. 2024 онд Сонгинохайрханыхан нэгмөсөн хотын даргаа шууд сонгохыг хүсэж байна. Хот дүүрэг, анхан дунд шат дайны фронт шиг болчихсон, утаа, түгжрэл, үер, гэрэл, дулаан ухсан нүх, ундуй сундуй төрх байдал нь угаасаа бөмбөгдүүлчихсэн газар тул юм шиг гэдэг нь үнэн тул БЭТ томилж, онц байдал тогтооход хүрсэн.
УИХ-ын хамгийн өндөр гишүүн Б.Энхбаяр Хууль зүйн сайд боллоо. Хууль зүйн дэд сайд, Хууль зүйн байнгын хорооны даргаар сонгогдож байсны хувьд мэргэжил, туршлагын хувьд гологдохгүй. Б.Энхбаяр шүүхийг шударга ёсны дэнс болж чадахгүй байна гэж хатуу шүүмжилдэг ч тэр итгэдэггүй шүүхдээ цаазлах эрх олгох тухай тоглосон шинжгүйгээр ярьж байсан удаатай болохоос биш. Угаасаа нэгдэн орсон гэрээ конвенцоосоо буцах аргагүй өндөр хуульч мэдэж байгаа ч поп нь ихэдчих гээд байдөаг талтай. Б.Энхбаяр Боловсролын зээлийн сангаас 32 мянган доллар авсан ч яг сурсан нь яс тодорхой болоогүй. Авсан зээлээ тушаалаар нэг тэглүүлээд, ажиг сураг гармагц мөнгөөр нь бас нэг төлсөн түүхтэй.
АДМИН








Нийгэм




