Дорноговь аймгийн Сайншанд суманд /2023.10.03/-ний өглөө 07:15 цагт гэрээсээ хичээлдээ явахаар гараад сураггүй алга болсон 12 настай Д охиныг улс орон даяар эрэн сурвалжилж охинтой холбоотой сэжигтэнг 10 дугаар сарын 4-ний өдөр Өмнөговь аймгийн Манлай сумын нутаг дэвсгэрээр мөнгөлөг саарал өнгийн приус маркийн автомашинаар нэвтрэх гэж байх үед саатуулан баривчилсан. Үргэлжлүүлэн охиныг эрэн хайх ажиллагаанд орон нутгийн төрийн байгууллагынхан, цэргийн ангийн нийт 200 гаруй албан хаагч, сайн дураар нэгдсэн 300 гаруй иргэн нэгдэж хайж эхэлсэн байдаг. Гэвч аравдугаар сарын 6-ний өдөр охины цогцсыг Дорноговь аймгийн Мандах, Өмнөговь аймгийн Манлай чиглэлээс олж эрлийн ажиллагааг зогсоосон юм.
Уг хэргийн сэжигтэнг анх тээврийн жолооч нар олж саатуулан, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байдаг. Уг үйл явдал хэрхэн өрнөсөн талаар Өмнөговь аймгийн Манлай сумын иргэн Х.Цэцгээтэй ТВ 5 телевизийн сэтгүүлч ярилцсаныг хүргэе.
Х.Цэцгээ: "Тухайн сэжигтэн манай гуанзанд орж ирээд цуйван захиалсан. Багсайсан мөнгө атгачихсан утсаа цэнэглээд өгөөч гэсэн. Би утсыг нь цэнэглэсэн ч холбоо барих аргыг нь өгөхгүйг хичээж боломж гарвал салгачхаад цагдаагаа хүлээж цаг гаран болсон. Тэр хооронд манай охин залгаж би сэжигтний хажууд ярьж болохгүй гэж бодоод гадаа гарч утсаар ярьчхаад орж ирсэн чинь орон доор байсан хайчаар цээжиндээ дүрчихсэн байсан. Би “Чи ямар хэрэгтэн болохоороо өөрийгөө алахыг завдсан юм” гээд самбаачлан цаад талд нь гарсан ч дахин хоёр удаа өөрийгөө хайчаар дүрсэн.
Тэгээд над руу дайрахад нь би түлхээд орилсон чинь гадаа байсан тээврийн жолооч нар орж ирээд данхаар цохиж унагаасан. Би буцаж ороод адууны тостой даавуугаар цус алдуулахгүйн тулд шархадсан хэсэг дээр тавьсан. Түүний дараа сумынхаа эмч нарыг дуудаад эмч нар ч хурдан ирсэн мөн цагдаа нар ч ирсэн хэрэг явдал болсон” гэлээ.
АДМИН








Нийгэм




