Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдын ёс зүй, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшнийг тогтоох үзлэгийн 3 дугаар шатны үзлэг өнөөдөр Дорнод аймагт явагдаж эхэллээ.
Тус аймгийн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ хамрагдаж буй тус үзлэгийг Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар, ЗХЖШ-ын Сургалт, бэлтгэлийн газрын дарга бригадын генерал Г.Болор нараар ахлуулсан ажлын хэсэг зохион байгуулж байна.
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдын ёс зүй, дүрэмч-жагсаалч байдал, сэтгэл зүй, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшин, цэргийн сургалт бэлтгэлийн явц, чанар, орчин, өнөөгийн байдлыг бодитоор тогтоож, цаашид цэргийн алба хаагчдад чиглэсэн сургалт бэлтгэлийг сайжруулах арга замыг тодорхойлох зорилготой тус үзлэгийн нээлтийн ажиллагаа Дорнод аймгийн Тусгаар тогтнолын талбайд боллоо.
Нээлтийн ажиллагаанд тус аймгийн ЗДТГ-ын дарга П.Бат-Өлзий, бригадын генерал Ж.Болдбаатар, Г.Болор нараар ахлуулсан ажлын хэсэг, ЗДТГ-ын Цэргийн штабын дарга хурандаа О.Ганзориг, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага, бие бүрэлдэхүүн оролцлоо.
Хөтөлбөр, төлөвлөгөөний 10 дугаар сарын 9-13-ний өдөр биеийн зохистой харьцаа, сэтгэл зүй, ёс зүйн байдал, цэргийн дүрмийн мэдлэгээ шалгуулж, бие бялдрын бэлтгэлжилтийн норматив, жагсаалын үзлэгт хамрагдах юм. Гуравдугаар шатны үзлэгийг Зэвсэгт хүчний 327 дугаар анги болон Дорнод аймгийн Политехникийн коллежийн материаллаг баазыг түшиглэн зохион байгуулж байна.
АДМИН








Нийгэм


