Dark Light
Нийгэм | 2023-10-24

Яруу найрагч Ц.Хулан "Монгол ахан дүүстээ" ийн үзэглэв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Яруу найрагч Ц.Хуланг "Гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон"-д гэм буруутайд тооцож, 9 жил 6 сарын хугацаатай хорих ялаар шийтгэсэн.

Тэгвэл тэрбээр шоронгоос захидал бичсэн бөгөөд тэрхүү захидал "ӨДРИЙН СОНИН"-д нийтлэгджээ. Яруу найрагч Ц.Хулан захидалдаа,

Монгол ахан дүүс ээ

Үзэг нэгт уран бүтээлчид, сэтгүүлчид ээ

Хэрэгт түлхэгдэн хоригдсоноос хойшхи бүхий л хугацаанд Ц.Хулан намайг буруугүй гэдэгт итгэж найдаж миний төлөө хүчирхэг дуу хоолойгоо өргөн халуун дэмжлэг үзүүлсээр байгаа таних, эс таних үй олон та нартаа баярлаж байгаа шүү. Урам зориг нэмсэн үгээр тань сэтгэл зүрх тэтгэгдэж байна.

Ямар “азаар” би энэ газарт орж үзэв ээ? Түмэн олныхоо эгэл борог амьдралын нэгээхэн булан тохойд бухимдал зовлонг нь хуваалцаж суугаа минь үгээ ил хэлж, үнэн шударга явсны минь нотолгоо. Ялын тогтоол уншуулах болсны цаад учрыг олон нийт одоогоор мэдээгүй. “Маш нууц” хэрэг задалбал хоёроос найман жилийн ял нэмнэ гэдгээр амыг минь барьчихсан.

Ард олноосоо айж, ичиж нууцлах гэмт хэрэг үйлдээгүйгээ азай найрагч аавын нэр, авай буурал ээжийнхээ сүүгээр андгайлъя. 2020 оны сонгуулиар бие даан нэр дэвшихдээ сэтгүүлчийн хувьд өөрийн олсон баримтдаа тулгуурлан түүх соёл, уламжлалт шашнаа хамгаалах л гэж үзэл бодол хэвлэн нийтлэх эрхээ эдэлж “Төрд шүглэсэн зэтгэр”, “Аравдугаар богдын наймаа” зэрэг нэвтрүүлгийг хийж олон түмэнд толилуулсан. Энэ хоёр нэвтрүүлэг, Далай ламд бичсэн захидал маань гэмт хэргийн цөм нь болчихоод байна.

Хамгийн аймшигтай нь Ц.Хуланг “Гадаадын тагнуултай хамтран ажиллав” хэмээн буруутгаж анхан шатны шүүхээс 9.6 жилээр яллалаа.

Үүний тулд: намайг хэрэгт орооцолдуулах хорон ажиллагааг таван жилийн турш явуулж ирснийг хожуу боловч мэдэж, анхан шатны шүүх хурал дээр би энэ тухай хэлсээн. Харамсалтай нь миний үгийг үг гэж үзээгүй ээ. Харин намайг улам буруутгахын тулд аравдугаар богдыг сэнтийд нь залахыг удаашруулсан, саармагжуулсан, эсэргүүцсэн гэх бурууг тохов.

Ийм санаархал надад огт байгаагүй… Ийм учраас Далай ламд бичсэн захидалдаа Монголд Богд тодруулахыг ганц ч үгээр эсэргүүцээгүй ээ. Гэхдээ эгэл даруу, эрдэмтэн мэргэд, энгийн ард олны дундаас тодруулбал олон түмний санаа бодолд илүү нийцнэ гэдгийг зориуд бичсэн билээ. Хэнд ч захидал бичиж болох шүү дээ. Энэ бүхэнд болохгүй юу байна?! Үүнээс болоод хэнд ямар хор хохирол учирсан хэрэг вэ? Гэтэл би буруутайн дээд буруутай хорт үйлдэл гаргасан юм шиг хуульд байдаггүй “зүйл ангиар” яллагдаад ял эдэлж байна. Эрхтгүй Төр минь билээ гэж ТЕГ-ын иргэнээ хардах, сэрдэх эрхийг хүндэтгэж мэдүүлгээ үнэнээр нь өгсөөн.

ТЕГ-ын сэжгийг мухарлан, эндүүрлийг тайлж өгнө гэдэгт давж заалдах шатны шүүхийн нямбай үйл ажиллагаанд итгэж байна. Хамгийн гол нь шүүгчдийг маань “дээрээс хэн нэгэн бүү дарамтлаасай ” гэж дотроо залбирч сууна аа. Тэгвэл миний бие удахгүй суллагдана аа. Би зөвхөн үндсэн хуульд зааснаар итгэл үнэмшлээрээ үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхээ л эдэлсэн. Ингэлээ гэж шоронд суулгаж болох уу? Ард түмээн?! гэсэн байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19