Улс төр судлаач, нийтлэлч Сэм Менасса (Sam Menassa) АНУ-ын дунд хугацааны сонгуулийн үр дүнг “Ардчилсан давалгаа” (Цэнхэр цунами) хэмээн тодорхойлж, Америкийн ардчилал хэрхэн өөрийгөө эрүүлжүүлж, тэнцвэрээ олдог тухай маш сонирхолтой дүн шинжилгээг «Asharq Al-Awsat» платформд нийтэлжээ. Сонгуулийн дараах АНУ-ын улс төрийн гүнзгий өөрчлөлтийг харуулсан тус аналитик материалын гол зангилаа 6 сургамжийг тоймлон хүргэе.
Энэ удаагийн сонгууль бол ердийн нэг суудлын сэлгэлт биш, харин Ерөнхийлөгч Дональд Трампын засаглалын арга барил, Ираны дайн, эдийн засгийн хямралыг эсэргүүцсэн ард түмний маш том эсэргүүцлийн мессеж байлаа гээд Сэм Менассагийн тэмдэглэснээр нэгдүгээр сургамж нь Америкийн засаг суларч, ардчилал хямралд орсон гэх элдэв ярианд өгсөн шууд няцаалт болсон бөгөөд сонгогчид ердөө хоёрхон жилийн өмнө Трампад өгсөн хэт их эрх мэдлээ эргүүлэн татаж, авторитари дэглэм рүү чиглэж байсан тэнцвэргүй байдлыг сонгуулийн замаар хазаарлаж чадсан гэжээ.
Хоёрдугаарт, улс төрийн ялалтыг зөвхөн бэлэн мөнгө, тэрбумтнууд болон хэвлэл мэдээллийн платформ эзэмшигчид шийддэг гэх хэвшмэл ойлголт бүрэн нуран унав. Төрийн эрх мэдэл хэт баян хандивлагчдын явцуу хүрээлэлд шилжсэн гэх мэдрэмж нь иргэдийн дургүйцлийг төрүүлж, олигархиудын нөлөө нь Бүгд найрамдах намын хувьд харин ч маш том улс төрийн өр, ялагдлын шалтгаан болж хувирчээ.
Гуравдугаарт, амьжиргааны өртөг, шатахууны үнэ зэрэг өдөр тутмын амьдралын дарамт нь сонгогчдыг засгийн газарт хариуцлага тооцох гол хүч болсон бөгөөд Трампын засаг захиргаанаас "жаахан тэвччих, макро эдийн засаг сайн байгаа" гэх лоозон, хоосон амлалт иргэдийн бодит амьдрал дээр ямар ч нөлөөгүй болсныг харууллаа.
Дөрөвт, эрх мэдлийг ганцхан хүний гарт төвлөрүүлж, мэргэжлийн чадвараас илүүтэй удирдагчид үхэн хатан зүтгэх үнэнч албатнуудыг (Пентагон, тагнуул, дипломат албанд) томилох нь засаглалын шийдвэрийн чанарыг үлэмж унагадгийг энэ ялагдал батлав. Шүүмжлэлийг хааж, хяналтын тогтолцоог сулруулснаар засаг захиргаа гаргасан алдаагаа цагт нь засаж чадахгүйд хүрч, эргэж буцахад хэцүү ноцтой шийдвэрүүдийг гаргахад хүргэдэг байна.
Тавдугаарт, гадаад бодлогын зардал, Иран дахь дайны үр дагавар нь шатахууны үнэ, хүний амь нас, улсын төсвөөр дамжин Америкийн айл өрх бүрийн хаалгаар орж ирсэн цагт гадаад улс төр нь дотоод сонгуулийн хамгийн зангилаа сэдэв болдгийг харууллаа. АНУ-ын хүч чадал нь зөвхөн зэвсэг техникээр хэмжигдэхгүй, харин холбоотнуудаа хамгаалах, бодит түүхэн үр дүнд хүрэх замаар хэмжигдэх ёстой тул одоо Украины дайнаас эхлээд Иран, Палестины бодлогыг сууриар нь эргэж харах түүхэн боломж бүрдэж байна.
Зургаа дахь хамгийн том сургамж бол сонгуулийн ялалт нь зөвхөн алдааг засах хаалгыг нээж өгдөг болохоос биш, 100 хувийн баталгаа болдоггүй явдал юм. Энэхүү ялагдал Трампыг Конгресстой зөвшилцөхөд хүргэж болох ч, эсвэл бүр эсрэгээрээ түүнийг улам уурсуулж, гүйцэтгэх засаглалынхаа эрх мэдлийг ашиглан сөргөлдөөнийг туйлшруулж ч магадгүй. Нөгөө талаас, Ардчилсан намын хувьд энэхүү ялалт нь ард түмнээс өгсөн "нээлттэй мандат" биш, харин Бүгд найрамдахчуудыг шийтгэсэн шийтгэл тул тэд одоо энэхүү эсэргүүцлийг бодит шийдэл, чамбай засаглал болгон харуулах маш том шалгалтын өмнө ирээд байна.
ТАТАР МАЙДАР






Улс төр





