Dark Light
Нийгэм | 2023-10-31

АМГТГ: Шатахууны нөөц хэвийн байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээгээ одоогоор 100 хувь импортоор хангаж буй. Ингэхдээ нийт хэрэглээний 95 орчим хувийг ОХУ-аас Сүхбаатар, Эрээнцав боомтоор төмөр замаар, Цагааннуур, Боршоо боомтуудаар авто замаар импортолж байна. 

ОХУ-ын дотоод зах зээлийн нөхцөл байдалтай холбоотойгоор тус улсын Засгийн газраас 2023 оны есдүгээр сарын 22-ны өдрөөс тодорхойгүй хугацаагаар шатахууны экспортыг хориглох шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэрийн дагуу ОХУ-аас Монгол Улсад түлш, шатахуун нийлүүлээгүй, импорт тодорхой хугацаанд саатсан билээ. Үүний улмаас манай улсын дотоодын зах зээл дээрх шатахууны хангамж, нийлүүлэлт доголдох нөхцөл байдал үүссэн. 

Улмаар Монгол Улсын Засгийн газраас холбогдох арга хэмжээ авч ажилласны үр дүнд 2023 оны аравдугаар сарын 06-ны өдрөөс эхлэн ОХУ-аас манай улсад Сүхбаатар боомтоор газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх экспортын үйл ажиллагааг сэргээн явуулж эхэлсэн юм. Гэвч нийлүүлэлт, эрэлтийн зөрүүнээс шалтгаалан дотоодын зах зээл дээр шатахууны хангамж тогтворжиж чадахгүй байна.

Мөн Цагааннуур, Боршоо авто замын боомтоор импорт хийгдэхгүй байгаатай холбоотой төвийн бүсээс баруун бүсийн аймгууд руу шатахууныг тээвэрлэн хангамж хийж байна. Энэ нь дотоодын зах зээл дээрх шатахууны хангамжид тодорхой хэмжээгээр нөлөөлж байна. 

Нийлүүлэгч талаас буюу ОХУ-аас 9, 10 дугаар саруудын захиалгыг бүрэн биелүүлэх хүрээнд шатахууны ачилт, тээвэрлэлтийн хэмжээг 10 дугаар сарын дунд үеэс нэмэгдүүлж, Сүхбаатар боомтоор сүүлийн дөрөв хоногт 214 вагон буюу 12840 тонн АИ-92 бензин, 278 вагон буюу 16680 тонн дизель түлш тус тус ирж ирсэн. Энэ нь АИ-92 бензиний хувьд 8 хоног, дизель түлшний 6-7 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх нөөц юм. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19