Dark Light
Нийгэм | 2026-11-09

ЭМГЭНЭЛ: СОНОМЫН ЛУВСАНГОМБО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
ЭМГЭНЭЛ
СОНОМЫН ЛУВСАНГОМБО
(1924–2026)
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, хурандаа генерал, Монгол Улсын Гавьяат барилгачин Сономын Лувсангомбо 2026 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр таалал төгсөж, Монголын төр, нийгэм, цэрэг, аюулгүй байдал болон бүтээн байгуулалтын салбарт нөхөж баршгүй гарз тохиолоо.
Талийгаач нь 1924 онд Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошуу, одоогийн Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт төрж, эх орон, ард түмнийхээ хөгжил дэвшлийн төлөө олон арван жил үр бүтээлтэй ажилласан, өргөн мэдлэг боловсрол, удирдан зохион байгуулах өндөр ур чадвартай төрийн нэрт зүтгэлтэн байв.
Тэрбээр цэргийн албанаас ажлын гараагаа эхэлж, ЗХУ-д цэргийн инженер, техникийн мэргэжил эзэмшин, цэргийн болон төрийн удирдах өндөр албан тушаалд ажиллаж, цэрэг, иргэний салбарын хамтын ажиллагаа, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах болон улсын бүтээн байгуулалтын бодлого, зохион байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулсан юм. 
С.Лувсангомбо нь Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, Барилга, архитектур, техник хяналтын улсын хорооны дарга, Улсын барилгын хорооны даргаар ажиллахдаа барилга, хот байгуулалт, байгаль орчин, усны аж ахуй, иргэний хамгаалалт, батлан хамгаалах, Зэвсэгт хүчний салбарын үйл ажиллагааны уялдаа холбоог ханган, улсын хэмжээний томоохон бүтээн байгуулалтад манлайлан оролцсон гарамгай зохион байгуулагч байлаа.
Мөн 1982-1984 онд БНМАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайдаар ажиллаж, улсын хил, хилийн инженерийн хамгаалалт, отряд, заставын барилга байгууламжийг бэхжүүлэхэд анхаарч, аюулгүй байдлын салбарын хөгжилд хувь нэмрээ оруулсан юм. 
Түүнчлэн Монгол Улсын батлан хамгаалах бодлого, цэрэг-иргэний хамтын ажиллагаа болон Вьетнам, Лаос, Унгар, Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улстай хөгжүүлсэн эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагаанд төрийн удирдах ажилтны хувиар оролцож байв.
Тэрээр Улсын батлан хамгаалах зөвлөлийн гишүүн, БНМАУ-ын Ардын Их Хурлын 7-10 дахь удаагийн сонгуулийн депутат, МАХН-ын Төв Хорооны гишүүн, Улс төрийн товчооны орлогч гишүүнээр ажиллаж, төрийн үйл хэрэгт олон жил хүчин зүтгэсэн билээ.
Түүний эх орон, ард түмнийхээ төлөө зориулсан хөдөлмөр зүтгэлийг Монголын төр өндөр үнэлж, хурандаа генерал цол хүртээн, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Сүхбаатарын одон болон бусад дээд шагнал, Монгол Улсын Гавьяат барилгачин цолоор шагнасан юм.
С.Лувсангомбын ажил үйлс, авьяас чадвар, төрийн удирдлагын арвин туршлага, хариуцлагатай байдал, эх орныхоо төлөө гэсэн зүтгэл нь төрийн алба, цэрэг, аюулгүй байдлын байгууллагын үе үеийн ажилтан, албан хаагчид, хойч үед үлгэр дуурайл болон мөнхөд дурсагдах болно.
Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, үр хүүхэд, ахан дүүс, хамтран зүтгэгчдэд гүн эмгэнэл илэрхийлье.

Эх сурвалж | Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08