Өнөөдөр Октябрийн баярын өдөр. 1917 оны энэ өдөр ЗХУ-д ажилчин тариачны хувьсгал гарч засгийн эрхийг Владимир Ильич Ленин тэргүүтэй большевикууд авч байсан юм. Энэ өдрийг монголчууд өмнө нь орон даяар нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэдэг байсан ч өнөөдөр мартагдсан баяруудын нэг болжээ.
Монголчууд хамгийн сүүлд энэ баярыг 1989 онд орон даяар тэмдэглэж байсан. Октябрийн баярын парадад жагсаагүй бол ажил тасалсанд тооцож, намын үүрийн товчооны хурлаар оруулж донгоддог байжээ. Лениний зурагтай лоозон, улаан тугтай төв талбайд жагсдаг байсан дурсамж олон хүний сэтгэлд үлдсэн байдаг.
Түүхэнд Октябрийн хувьсгал гэж Орос оронд 1917 онд Оросын бүгд найрамдах улсын Түр засгийн газрын эсрэг Оросын большевикуудын зохион байгуулсан төрийн эргэлтийг хэлдэг. Энэ хувьсгалын үр дүнд 1917 оны Oросын хоёр сарын хувьсгалаар бүрдсэн засгийн газрыг түлхэн унагааж, орос оронд коммунист дэглэмийг тогтоосон . 1917 оны арваннэгдүгээр сарын 7-ны 21:45 цагт Оросын нийслэл Петроград хотноо (одоогийн Санкт-Петербург) “Аврора” хөлөг онгоц их буугаар буудан дохио өгснөөр Петропавлоскийн цайзнаас тус улсын түр Засгийн газар байрлаж байсан Өвлийн ордонг их буугаар буудаж, улмаар зэвсэглэсэн ажилчид хуурай замын болон тэнгисийн цэргүүдийн хамт довтолсноор хүн төрөлхтний түүхийг орвонгоор нь эргүүлсэн Октябрийн социалист хувьсгал эхэлжээ.
Хуучин он тооллоор бол 10-р сарын (Оросоор октябрь) 25-нд болсон тул энэ хувьсгалыг Октябрийн гэж тодотгосон. Өвлийн ордонг эзлэн авсны дараа В.Ленин, Л.Троцкий, Я.Свердлов нарын удирдсан Оросын коммунистуудын большевикнам төр засгийн эрх мэдлийг гартаа авчээ . Дайн бол хувьсгалыг төрүүлэгч гэж Ленин хэлсэн байдаг ба энэ бол үнэн үг юм. Тиймээс Октябрийн хувьсгал гарах шалтгаан бол дэлхийн 1-р дайн байжээ . Дэлхийн I дайн Оросын хувьсгалыг төрүүлээд зогссон юм биш Австри-Унгарын эзэнт гүрэн, Османы Туркийн эзэнт гүрэн мөн адил Хаант Оросын нэгэн адил нуран унаж, дэлхийн улс төрийн газрын зурагнаас гурван гүрэн хасагдсан. Тэр дайн Германд бүр хүндээр тусч, тус улсад хувьсгал халдааж, тэр нь яван явсаар Гитлер засгийн эрхэнд гаргахад хүргэсэн. Лениний Октябрийн хувьсгалын их үйл хэрэг орос орныг ахан дүүсээ хядсан иргэний дайнд хүргэж Оросын 13 сая хүний амь насыг авч одсон бай залгуулаад шорон, бөөнөөр хорих лагерь, колони цөллөгт 20 сая хүн ардыг цааш харуулж, Оросын сэхээтний давхарга бараг устжээ. Үүнтэй зэрэгцэн аж үйлдвэржүүлэлт явагдаж, дэлхийн хамгийн ядуу хоцрогдсон орныг дэлхийд тэргүүлэгч их гүрэн болгож чаджээ. Октябрийн хувьсгал сэдэгчдийн чин хүсэл нь “Коммунизмын бүх дэлхийн ялалт”-даа хүрэх байв. Гэвч сүүлдээ буюу 1950-иад оны II хагаст энх тайвнаар зэрэгцэн орших гэгч номлолоор солигдож, харин коммунизмыг бүх дэлхийд ялуулах тухай номлолоосоо 1989 он хүрч байж бүрмөсөн татгалзаад “Хүйтэн дайн”-д ялагджээ . Түүхнээ байсан эзэнт гүрнүүдээс СССР юугаараа ялгагдаж байсан бэ ? Дэлхийд давамгайлахыг зорьсоноороо бол адил. Оросын коммунистууд эхлээд хувийн өмч, дараа нь эрүүл ердийн эдийн засгийг улс төрийн ба хувийн бүх эрх чөлөөг устгасан, нийгмийг нийтээр нь хатуу хянасан, тусгаарласан, хүн ардаа хэлмэгдүүлсэн . Бид бүх дэлхийг сургах болно!”– Зөвлөлтийн ажилчин тариачны улаан армийн Улс төрийн ерөнхий газрын хурлын протоколд бичээстэй байна. Бүх дэлхийг, европыг “Коммунизмын бүх дэлхийн ялалт”-нд хамруулах “Хүйтэн дайн” дэгдсэн хэрэг, харин хүйтэн дайнд ялагдсан нь гаж нийгмийнх нь сул талыг барууныхан маш овжин ашиглаж чадсан хэрэг . ЗХУ хүйтэн дайнд ялагдахдаа Афганы дайнд орж , “ Оддын дайны хөтөлбөрт АНУ-тай өрсөлдөж , эцэст нь барууныхан Оросын нефть , хийгээс олдог ашгийг Ойрхи дорнодын хямд нефтэн бүтээгдэхүүнээр цохин унагаж энэ бүхнээс ЗХУ эдийн засгийн хувьд өрсөлдөх чадвараа алдсанд гэдэг . Оросуудын хувьд Октябрийн хувьсгал ашиггүй байсан байж болох ч харин Монгол улсын хувьд гэвэл Октябрийн хувьсгал яалт ч үгүй Монголын хувь заяа хэрхэхийг шийдэхэд асар их нөлөө үзүүлсэн түүхэн ач холбогдолтой юм . Богд Хаант Монгол улс 1911 онд тусгаар улсаа зарласан боловч 1915 оны Хятад, Орос, Монгол 3 улсын Хиагтын гэрээгээр Монгол улс маань хэний мэдэлд очих, хэнд хэн яаж ч зарж болохоор тодорхойгүй байдалд байлаа. Энэ ардармаатай үед Орост хувьсгал гарч ялснаар бид ямар ч байсан харийн дарлалаас бүрмөсөн чөлөөлөгдөх боломж бүрдсэн. Боломжийг манай өвөг дээдэс гайхамшигтай сайн ашиглаж чадсны үр дүнд бид тусгаар тогтнолын шинэ тэмцлийн хуудсыг эхлүүлж , бас нийгмийн дэвшилд хүрч дундад зуунаас XX зуунд шилжиж чадсан. Энэ утгаар нь Октябрийн хувьсгалыг Монголчууд бол үнэлэхээс өөр аргагүй. Оросын их Октябрийн хувьсгалын ач холбогдол, цар хүрээг доктор, профессор Д.Чулуунжав “Октябрийн хувьсгалаар Оросод хаант засаг унаж, Орос, Хятадын нууц гэрээ хүчингүй болсноор Монгол Улс 1911 онд олсон тусгаар тогтнолоо байлдан сэргээж чаджээ. Энэ бол монголчууд бидний хувьд Октябрийн хувьсгалын буй болгосон хамгийн том эерэг үр дагавар байлаа” гэж дүгнэжээ .Ч.Өлзийсайхан /МУИС-ийн улс төр судлалын тэнхимийн ахлах багш, доктор, дэд профессор/ “Гайхамшигтай сайхан эсвэл маш том түүхийн алдаа гэж яригдсан Октябрийн хувьсгалын учир шалтгаан юу байсан бэ. Тусгаар тогтнолын асуудал яалт ч үгүй Октябрийн хувьсгалтай холбогдож гарч ирдэг. Тиймээс бид шүүмжлэх биш өөр өнцгөөс харах ёстой юм болов уу. Октябрийн хувьсгал ялах эцсийн шалтгаан хаант засаг өөрөө байсан юм байна гэдэг дүгнэлтэд хүрсэн” гэжээ .
Д.Бямбасүрэн/ Ерөнхий сайд асан/ “Октябрийн хувьсгал ялсны дараа монгол түүхийн шинэ эринд орсон. Хоёр зууны тэртээ алдаж мөхөөсөн төрийн тусгаар тогтнолоо сэргээсэн. Европын соёл Монголд нэвтрэх үүдийг нээж Монгол үндэстэн угсаатныг мөхлийн ирмэгээс аварч сэргэн мандалтын замд оруулсан. XX зууны эхний Монгол мөхөж байгаа үндэстний бүх шинжийг агуулж байсан. Дэлхийг хамарсан хурц хямралын үед харийн түрэмгийллийн аюулаас биднийг аварсан “ гэж дүгнэсэн байна .
Харин одоо Орост энэхүү хувьсгалыг юу гэж үздэг нь бас сонин . 1917 оны Октябрийн хувьсгалыг оросууд янз янзаар хүлээж авсан хэвээр байгааг Бүх Оросын олон нийтийн санаа бодлыг тандах төвийн судалгаа харуулжээ. Оросуудын зарим хэсэг нь нийгмийн дийлэнх иргэдийн захиалгаар хийгдсэн гэж үзэж байгаа бол зарим нь цөөнхийн эрх ашгийг гүйцэлдүүлэх гэж хийсэн гэж үзэж байгааг судалгаа харуулжээ. Гэхдээ аль аль хэсэг нь Октябрийн хувьсгал Орост сайн нөлөө үзүүлсэн гэдэг дээр санал нэгджээ.Сонирхолтой нь нийгмийн захиалга байсан гэж үзсэн, мөн цөөнхийн эрх ашгийг гүйцэлдүүлсэн гэж үзсэн хэсэг ижилхэн 46 % байжээ.Судалгаанд оролцогчдын 38 % нь Октябрийн хувьсгал Оросыг нийгэм, эдийн засгийн хувьд шинэ шатанд гаргасан гэсэн бол 23 %-нь Оросын түүхийн шинэ хуудсыг нээсэн гэжээ.Хувьсгалыг хийсэн большевикуудыг одоо дэмжих үү гэсэн асуултад 32% нь дэмжинэ гэж хариулсан байна. Гэхдээ дэмжигчдийн дийлэнх нь тэтгэврийн насны иргэд байжээ. Харин 30%- нь тухайн үеийн улс төрийн аль ч урсгалыг дэмжихгүй гэсэн байна. Судалгааг 1800 хүнийг хамруулан хийжээ.
Тэгвэл Октябрийн хувьсгалын тухай гадаадын сонин хэвлэлүүдэд түүний талаар янз бүрийн өнцгөөс бичсэн байна Тухайлбал: The New York Times, АНУ:… Хэрвээ Октябрийн хувьсгалын талаарх Лениний төлөвлөгөө бүтэлгүйтсэн бол манай өнөөдрийн амьдрал тэс өөр байсан байх биз. Ленингүйгээр Гитлер байхгүй. Түүнийг Германы газар нутагт большевик маягийн хувьсгал гаргуулахгүй, марксизмыг дарж чадна гэж найдаж байсан консерватив хүчин дэмжиж гаргасан. Ленин, Гитлергүйгээр XX зууны түүх өөр байх байсан. Дорнын түүх Өрнийхтэй адил бас өөрөөр өрнөх байсан. 1940-өөд онд Зөвлөлт Холбоот Улсаас асар их дэмжлэг авсан Мао Хятадыг эрхшээлдээ оруулж чадаагүй бол Хятад өнөөдөр магадгүй Чан Кайшигийн гэр бүлийн удирдлага дор байх байсан биз. Кубын уул, Вьетнамын ширэнгэн ойд ноёрхож байгаа марксист үзэл санаанууд байхгүй байх байсан. Сталиныг дууриахыг эрмэлздэг Ким Чен ин ч байхгүй. Хүйтэн дайн ч гарахгүй байсан. Нихон кэйдзей, Япон:Путины засаг захиргаа СССР-ийг бий болгосон уг хувьсгалын үр дүнг үгүйсгэж чадахгүй…. Путины удирдлагын арга барил, зөвлөлтийн захиргаадалтын систем хоёр тун төстэй гэдгийг олон хүмүүс тэмдэглэж байна. South China Morning Post, Хонконг: Зөвлөлт засгийн жилүүдэд 11 дүгээр сарын 7 бол бүх нийтээр амардаг улсын хэмжээний том баяр байлаа. Гэтэл өнөөгийн Орос оронд энэ бол жирийн л нэг ажлын өдөр болжээ. Сая Улаан талбайд болсон цэргийн парад Октябрийн хувьсгалыг хүндэтгэж биш, харин цэргүүд нь шууд фронт руу явсан 1941 оны парадын дурсгалд зориулагдсан нь Кремль Орос орны XX зууны түүхийг өөрөөр харах болсонтой холбоотой. Жэнминь Жибао (ХКН-ын Төв Хорооны төв хэвлэл), Хятад:Октябрийн хувьсгал марксизм-ленинизмийн үзэл санааг Хятад руу чиглүүлж өгсөн. Марксизм-ленинизм болон хятадын ажилчин ангийн хөдөлгөөний дундаас Хятадын Коммунист Нам төрөн гарав. Үүнээс хойш Хятадын тусгаар тогтнол, эрх чөлөөг хангах, улс орноо хөгжүүлэх, ард түмнийг сайн сайхан амьдруулах ариун үүргийг хятадын коммунистууд хүлээх болсон .
Global Times, Хятад:Октябрийн хувьсгал дэлхийг өөрчилсөн. Уг хувьсгал марксизм-ленинизмийн онолыг Хятадад дэлгэрүүлж улмаар дэлхийн хүн амын гуравны нэг нь социализмд амьдарч байв…Капитализм империализм болсон тэр харанхуй үед Зөвлөлт Холбоот Улс Марксын сургаалаар социалист улс байгуулна гэсэн улс төрийн шийдэмгий сонголт хийсэн. Зөвлөлт Холбоот Улс хүйтэн дайны уршгаар туйлдсан… Эргээд харах юм бол Зөвлөлт Холбоот Улсын өмнө тулгарсан бэрхшээлүүд суурь шинжтэй байгаагүй, тэдгээр бэрхшээлийг реформ хийх замаар даван туулах боломжтой байсан. Гэтэл СССР эцсийн дүндээ буулт хийхийг урьтал болгожээ гэж дүгнэж бичсэн байдаг юм байна шүү .Оросууд яагаад соц нийгмээ бас адилхан Монголчууд 90 оноос өмнөх үеэ санагалзаад байгааг бас бодох л хэрэгтэй . Сонирхуулахад ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хуучин Зөвлөлтийн үеийн дурсамжийг сэргээх дургүй , учир нь задран унасан Зөвлөлт Холбоот Улсын дурсамж түүний улс орноо нэгдмэл байлгах зорилгод буруу үлгэр болдогтой холбоотой гэдэг яриа байдаг байна .Тэр Октябрийн хувьсгалыг “манай түүхийн ээдрээтэй цаг үе” хэмээн нэрлэж, өнгөрсөн үедээ хүндэтгэлтэй, бодитойгоор хандах хэрэгтэй гэсэн байна . Одоо бол Оросуудын ихэнх нь Октябрийн баярыг мартсан нь судалгаанаас харагддаг. Коммунист намын гаргасан судалгаагаар иргэдийн 58 хувь нь уг баярыг мэдэхгүй байжээ. Одоогийн байдлаар Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан улсуудаас ганцхан Беларуст энэ өдөр бүх нийтээр амардаг харин оросоос эхлээд бусад бүх улсад жирийн ажлын өдөр байдаг ажээ.
АДМИН








Нийгэм




