Dark Light
Нийгэм | 2023-11-12

Долоон мянган "ШАГДАР"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Аав болох амархан. Жаргалтай хэдхэн хормын ажил. Аав байх амаргүй, насан туршийн үүрэг. Өнөөдөр 72 мянган монгол ээж өрх толгойлон амьдарч, үр хүүхдээ ганц биеэр өсгөж байна. Өдгөө 20 мянган монгол аав өрх толгойлж явна. Жилд 16 мянган хос гэрлэдэг ч 4000  нь айл гэр болж тоглоод, амьдрал нь шоглоом болоод салж сарнидаг. Тоглоомынх нь шоглоом нь хүүхдүүд. Төрсөн хүүхдүүддээ сарын 100 мянгын тэтгэмж өгөх үүрэгтэй 14 мянган аавын 60 хувь нь, арвын зургаа нь үүнийгээ умартдаг. 

Эр, эм салахад зөвхөн нэг нь буруутай биш ч гэлээ шүүгчид ихэнх нь эмэгтэйчүүд байдаг болоод ч юм уу,  ээжүүд нь илүү үрээ гэсэн сэтгэлтэйгээс ч  юм уу, аавууд архинд толгой мэдүүлсэн нь  голлон шалтгаалдгаас ч тэр үү хүүхдийг эхэд нь голдуу үлдээдэг. Шинэ үеийн Шагдаруудын дэргэд “Гарын таван хуруу”-ны Шагдар гуай бол хүн. Охин нь авахыг хүсээгүй болохоос бус хэд гурван төгрөг илүүчилчих гээд, хоёр багыгаа авч өсгөчих гээд, хуримд очихгүй байж чадахгүй  холоос сэмхэн  хараад зогсож байдаг хүн.  

24 жилийн өмнө батлагдсан Гэр бүлийн хууль хуучирч хоцрогдсоныг өнөөдөр шинэчлэн найруулахаар хэлэлцэж байна. 20 дугаар зуундаа үлдсэн хууль 21 дүгээр зууны харилцааг зохицуулж чадахгүй. Хоёр эрэгтэй хүн үнсэлцсэн гэж Дорж гуайг ярихаар галзуу, сохор гэж боддог үе ард хоцорсон. Хоёр сахалт өрхнийхөө оосрыг татаж, хоёр шингэн дуут өргөө гэрээ барьдаг болчихсон байна.   

УИХ-ын гишүүн Н.Учрал амьжиргааны баталгаажих доод түвшний 50 хувиар тэгшитгэн хавтгайруулах бус айл гэр болж тоглоод салсан хүн ямар ашиг орлоготой байна, яг түүнд нь тохируулж хүүхдэд нь тэтгэмж тогтоох тухай санал гаргасан. Харин УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нууц амрагуудыг хатуу шийтгэх, санал гаргасан ч ислам ертөнцийн Шариатын хууль Монголд хэрэгжихгүй. Төр гэж түшмэлүүд хүний хайр дурлал, тачаал шохоорхол, ор хөнжилд хуруу дүрэх, өвөрт нь дүрсэн хуруугаа ашиглан мөнгөн хээл авах, алтан таашаал авах шинэ бизнестэй болчих аюултай юм. 1960 аад оны соёлын довтолгооны үед ахлах ангийн хүүхдүүд айлын эхнэрийн дотуур хувцас шалгах ажилд маш дуртай явж байсан түүх мартагдаагүй байна.   

Тэрбумын орлоготой хүнд бол хүүхдийн тэтгэмжийн 100 мянга тэг зууны нэг хувь. Сая төгрөгийн цалинтай хүнд бол бүхэл 10 хувь. Орлогоосоо хамаарч тэтгэмж өгөх нь хөрөнгө чинээгээр нь ялгаварласан явдал болох уу, хөрөнгө чинээнд нь тохируулсан хариуцлага уу? Хөнжлийнхөө хэрээр жийнэ гэдэг шиг олсныхоо хэрээр төлөх нь илүү шударга уу? 

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын уг хүн нь бол салсан аав ээжийн хөрөнгө чинээнд нь тохируулахыг хүсэж байна. ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын уг биш хүн нь бол хаясан аав ээжийн хөрөнгө чинээгээр ялгаварлахгүй гэж бодоод байгаа юм байна. Хоёр Б.Энхбаярын хүн Энхбаяр нь хуульч Энхбаяраа дийлбэл хүүхдийн тэтгэмжийг хөрөнгө чинээнд нь нийцүүлдэг хуультай болох юм.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19