- Түүхэн ой: Энэ жилийн тэмцээн Монгол Улс, ХБНГУ-ын боловсролын салбарын хамтын ажиллагааны 100 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог байв.
- Берлинийг зорих эрх: Тэмцээний ялагч нь ХБНГУ-ын Берлин хотноо болох дэлхийн хэмжээний "Falling Walls Global Finale" финалын шатанд Монгол Улсаа төлөөлөн оролцоно.
- Дэлхийн сүлжээ: Falling Walls Lab нь 2025 онд дэлхийн 60 орны 82 хотод зохион байгуулагдаж, 2,750 гаруй залуу судлаачдыг нэгтгэсэн шинжлэх ухааны хамгийн том талбар болон өргөжжээ.
Германы "Falling Walls" сангийн санаачилгаар зохион байгуулагддаг залуу судлаач, шинийг санаачлагчдын олон улсын инновацын төсөл танилцуулах "Falling Walls Lab Ulaanbaatar 2026" уралдаан 2026 оны 9-р сарын 11-ний өдөр Конрад-Аденауэрын санд (Konrad-Adenauer-Stiftung) амжилттай болж өнгөрлөө.
Тус арга хэмжээг Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС) 2019 оноос хойш тасралтгүй 7 дахь жилдээ зохион байгуулж, залуу эрдэмтдийг дэлхийн инновацын экосистемтэй холбох гүүр нь болсоор ирсэн юм.

МГТИС-ийн Ректор, Проф. Доктор Баатарын Батцэнгэл нээлтийн үеэр хэлсэн үгэндээ: "GMIT нь 2019 оноос хойш энэхүү нэр хүндтэй арга хэмжээг зохион байгуулж ирсэндээ бахархдаг. Энэхүү тэмцээн нь жил бүр залуу судлаачид, оюутнууд, шинийг санаачлагчдад өөрсдийн үзэл санаагаа танилцуулах, хэвшмэл ойлголтыг сорих, олон улсын хамтын нийгэмлэгтэй амьд холбоо тогтоох алтан боломжийг олгодог" хэмээн онцолсон юм.
3 минут – Ирээдүйг өөрчлөх шийдэл
ХБНГУ-ын Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Ханна Беккер хэлэхдээ: "Энэхүү тэмцээн нь залуу судлаачдад өөрсдийн санааг ердөө гурван минутын дотор багтаан танилцуулж, түүний үнэ цэнэ, нийгэмд авчрах өөрчлөлтийг харуулах боломжийг олгодог. Энэ нь нэг талаас том сорилт боловч нөгөө талаас маш үнэ цэнтэй ур чадварыг хөгжүүлэх боломж юм. Учир нь сайн судалгаа гэдэг сайн харилцаа, бусдад ойлгомжтой тайлбарлах болон түгээн дэлгэрүүлэх чадвар дээр оршдог" хэмээн залууст урам өглөө.

Тэмцээний шилдэг оролцогч Берлин хотноо болох дэлхийн финалд оролцох бөгөөд энэ нь хоёр орны 100 жилийн боловсролын түүхэн уламжлалыг шинэ үетэй холбож, залууст олон улсын сүлжээ байгуулах хаалгыг нээж өгч байгааг тэрээр нэмж дурдлаа.
100 жилийн түүхээс Ирээдүйн хамтын ажиллагаа руу
Энэ удаагийн уралдаан нь Монгол Улс, ХБНГУ-ын боловсролын салбарын хамтын ажиллагааны 100 жилийн ойтой давхцаж буйгаараа түүхэн ач холбогдолтой юм. Тэмцээний хүрээнд “ENGAGEx Science Communication – 100 Years of Mongolian-German Educational Cooperation” тусгай хөтөлбөр хэрэгжиж, Герман улсад суралцах, судалгаа хийх боломжууд болон академик хамтын ажиллагааны туршлагаас хуваалцлаа.

Германы Академик солилцооны алба (DAAD)-ны багш Даниэль Матысиак: "Германы шинжлэх ухааны солилцооны 100 жилийн ой бол өнгөрснөө дүгнэж, ирээдүйгээ харах том боломж юм. Шинэ үеийнхэн шинэ асуулт, шинэ санаа, шинэ хамтын ажиллагааг авчирдаг. Falling Walls Lab бол залуучууд өөрсдийн шийдлийг олон улсад таниулах тод жишээ юм. Бид DAAD-ийн тэтгэлэг болон хөтөлбөрүүдээр дамжуулан залууст энэ солилцоог үргэлжлүүлж, судалгааны замаа бүтээхэд нь туслахыг зорьж байна" хэмээн тэмдэглэв.
Тэмцээний тэргүүн байрыг Өлзийбаярын Сумъяажид хэмээх залуу судлаач хүртсэн бөгөөд тэрээр өөрийн хөгжүүлсэн "Хог хаягдлыг автоматаар ангилах ухаалаг хогийн савны туршилтын загвар" (Smart bin prototype for automated waste sorting) төслөөрөө ийнхүү шилдгээр шалгарсан байна.
.jpg)
Тэмцээний бусад байрт шалгарсан оролцогчид ч мөн адил залуу судлаачид байсан юм:
- II байр: Дорлигжавын Ганцэцэг (Литийн олборлолт, батерейн материалын судалгаагаар)
- III байр: Бигуль Досымова (Нано бүтэц, цацраг туяа илрүүлэлтийн судалгаагаар) тус тус эзлэв.
"Falling Walls Lab Ulaanbaatar 2026" уралдаан нь Монголын залуу оюун ухаантнууд дэлхийн хэмжээний шинжлэх ухааны сорилтод бэлэн байгааг дахин нэг удаа батлан харуулсан үйл явдал боллоо.
ТАТАР МАЙДАР







Нийгэм




