Мөнгөний бодлогын хороо оны төгсгөлийн улирлын хурлаа хийж, гадаад болон дотоод эдийн засгийн орчинд тохируулан мөнгөний бодлогын хүүг тохируулах шийдвэрээ гаргалаа. Энэхүү шийдвэрийг танилцуулахаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Монголбанкны ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир, Монголбанкны мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа нар оролцлоо.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Энэ удаагийн хурлаар Монгол Улсын эдийн засаг банк санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал болон цаашдын төлвийг харгалзан үзээд, бодлогын хүүгээ 13 хувьд хэвээр хадгалах шийдвэрийг гаргалаа.
-Дэлхийн эдийн засгийн өсөлт энэ онд өмнө нь хүлээж байснаас сайжирсан боловч ирээдүйн төлөв саарах хандлагатай байна. Геополитикийн хурцадмал байдал дэлхийн томоохон банкуудын хэрэгжүүлж буй мөнгөний хатуу бодлогын нөлөөгөөр ирэх онд санхүүгийн нөхцөл байдал хатуу хэвээрээ байж, глобал өсөлт саарах төлөвтэй байна.
-Дэлхийн хоёр том эдийн засгийн нэг болох БНХАУ-ын эдийн засгийн төлвийн талаарх хүлээлт сайн биш байгаа нь эрдэс бүтээгдэхүүний өсөлтөд сөргөөр нөлөөлж, тодорхой бус байдлыг үүсгэлээ. Дотоод эдийн засгийн идэвхжил сайжирч энэ оны гуравдугаар улиралд 6.9 хувиар өссөн. Үүнд уул уурхай, тээврийн салбарын сэргэлт гол үүрэг гүйцэтгэсэн.
-Өрхийн орлогын өсөлтийг гадаад дотоод эрэлт үргэлжлэн сэргэж, худалдаа үйлчилгээ, мэдээлэл холбоо бүтээгдэхүүний цэвэр татварын өсөлт дэмжиж байгаа. 2023 онд өвөлжилт хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор хөдөө аж ахуй түүнийг дагасан бүтээгдэхүүний үйлдвэрлэл буурч, хөдөө аж ахуйн салбар эхний гурван улиралд 9.5 хувиар агшсан нь өсөлтөд бууруулах нөлөө үзүүллээ. Цаашид уул уурхайн үйлдвэрлэл хэвээр үргэлжилж, экспортын эрч хадгалагдвал энэ онд эдийн засаг 6.9 хувь, ирэх онд 6 хувь орчмоор тэлэх боломжтой гэж төв банкны зүгээс үзэж байна.
-Инфляц бидний өмнө танилцуулж байсан төсөөллөөс алгуур буурч энэ оны арваннэгдүгээр сард улсын хэмжээнд 8.6 хувьтай гарсан. Энэхүү инфляцийн түвшин 2023 оны зорилтот түвшин болох нэг оронтой тоонд орж ирсэн. Мөн Монголбанкны ирэх онд барих 6 +-2 буюу 6-8 хувь орчимд ойрхон байна гэж бидний зүгээс харж байна. Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтворжиж, тээврийн зардлууд бууран, гадаад шалтгаантай үнийн дарамт буурсны зэрэгцээ сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн мөнгөний хатуу бодлогын үр дүнд инфляц ийнхүү саарч байна. Гэхдээ төсвийн зардлын өсөлт тэр дундаа цалин тэтгэврийн өсөлт нь эрэлтийн шалтгаантай инфляцийн дарамтыг цаашид нэмэгдүүлэхээр байна.
-Энэ онд өндөр дүнтэй гадаад бондын төлбөрүүдийг амжилттай хийсэн ч экспортын эрчтэй урсгалыг дагасан өсөлт төлбөрийн тэнцэл ашигтай гарсан. Арваннэгдүгээр сарын байдлаар гадаад валютын албан нөөц 4.3 тэрбум ам.доллар өнөөдрийн байдлаар 4.4 тэрбум ам.доллар байна. Ирэх онд төсвийн зардлын өсөлттэй холбоотойгоор импортын эрэлт нэмэгдэх, дэлхийн зах зээл дээрх зарим түүхий эдийн үнэ буурах зэрэг төлбөрийн тэнцэлд сөргөөр нөлөөлөх зүйлүүд байгаа. Цалин тэтгэвэр, тэтгэмжийн өсөлтийг дагаад хэрэглээ, тэтгэврийн зээлийн өсөлт өнгөрсөн оны сүүлээс хурдацтай нэмэгдэж байна. Үүнийг дагаад бараа бүтээгдэхүүний импорт эрчимжих хандлага сүүлийн саруудад ажиглагдсан.
Хэрэглээ тэтгэврийн зээлийн өсөлт ийнхүү даамжирвал өрхийн өрийн дарамтыг нэмэгдүүлэх, импортыг урамшуулах, үнийн өсөлтийг эрчимжүүлэх, бизнесийн зээл олголтыг хумих зэрэг эрсдэл дагуулах магадлалтай. Инфляц зорилтот түвшинд буурах хурд удаашрах төлөвтэй байгаагийн зэрэгцээ хэрэглээний үнийн өсөлт эрчимжиж байгааг харгалзан Мөнгөний бодлогын хороо дээрх шийдвэрийг гаргасан.
-Эдийн засагт эерэг өөрчлөлтүүд гарч байгаа ч эрсдэл өндөр хэвээр байна. Ойрхи дорнодод хүрсэн хурцадмал байдал нь глобал эдийн засгийн эрсдэл, тодорхой бус байдлыг нэмэгдүүлэх болсон. Үүнээс гадна дэлхийн болон БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарах, тэр дундаа БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарт үүсээд буй хүндрэл үргэлжлэх, эрдэс түүхий эдийн үнийн төсөөлөл муудах зэрэг эрсдэлүүд хэвээр байна. Цаашид гадаад дотоод эдийн засгийн орчин инфляцын төлөв нийлүүлэлтийн шинжтэй хүчин зүйлс олон улсад бий болж буй өөрчлөлтүүдтэй уялдуулан мөнгөний бодлогын дараагийн алхмыг Мөнгөний бодлогын хорооноос тухай бүрт авч хэрэгжүүлсэн арга хэмжээг мэдээлэх болно.
С.ОТГОНБАЯР
АДМИН








Нийгэм




