Нэг. Хөлөг онгоцны арын хэсгээс олдсон түүхэн олдворууд
Японы Нагасаки мужийн Мацүүра хот болон Кокүгакүин их сургуулийн судалгааны баг 1281 оны Монголын довтолгооны үеэр живсэн гурав дахь хөлөг онгоцноос дайчид болон усан цэргүүдийн өдөр тутмын амьдралыг харуулах тоглоомын хэрэгслүүдийг олсноо зарлалаа. Такашима арлын орчмоос олдсон уг хөлгийн үлдэгдлээс 5 ширхэг шоо, 29 ширхэг тоглоом гаргаж авсан нь тус бүс нутгаас олдож буй анхны тоглоомын олдворууд болж байна.
.jpg)

Судалгааны багийн ахлагч, профессор Ёшифүми Икэдагийн мэдээлснээр уг хөлөг онгоц нь ойролцоогоор 30 метр урттай байсан бөгөөд энэ нь урьд өмнө олдож байсан хоёр хөлгөөс (27 метр ба 20 метр урт) харьцангуй том буюу одоогийн байдлаар олдсон хамгийн том хөлөг онгоц байх магадлалтай ажээ. Малтлагын явцад шумбагчид далайн ёроолын нэг метрээс илүү зузаан лаг шаврыг ухаж, хөлгийн арын хэсгийн 15 орчим метр их биеийг ил гаргасан байна.
Хоёр. Даалуу болон маажонгийн үүсэлтэй холбогдох чулуунууд
Олдсон тоглоомын чулуунууд нь 3х1.5 сантиметр хэмжээтэй, 0.4 сантиметр зузаан бөгөөд гадаргуу дээр нь хоёр шоог зэрэгцүүлж тавьсан мэт тэмдэглэгээнүүд сийлэгдсэн байна. Судлаачид эдгээр чулууг маажонг тоглоомын үүсэл гэгддэг Хятадын уламжлалт "Тяньжю" (Tianjiu) тоглоомынх байж магадгүй хэмээн таамаглаж байгаа юм.

Уг олдворын нээлтэд Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн Дундад зууны судалгааны салбарын удирдлагууд оролцсон бөгөөд эдгээр олдворууд нь Монголын уламжлалт "Даалуу" тоглоомтой тун төсөөтэй байгааг онцлон тэмдэглэжээ.
Мөн тоглоом олдсон хэсгийн ойролцоо дараах зүйлс олдсон нь тухайн хэсгийг хөлөг онгоцны гал тогоо байсан гэх таамгийг дэвшүүлж байна:
-
Гал тогооны хутга гэж үзэж болох төмөр эдлэл
-
Амтлагч, тариа нунтаглах зориулалттай шавар аяга (эсвэл уур шиг сав)
-
Маш их хэмжээний загасны яс
Профессор Икэда усан цэргүүд болон дайчид хоолоо хийж дууссаны дараа чөлөөт цагаараа уг тоглоомоор тоглодог байсан байх магадлалтай гэдгийг дурджээ.
Гурав. Хубилай хааны флот болон далайн археологийн судалгаа
Уг гурав дахь хөлөг онгоцны үлдэгдэл нь анх 2023 оны аравдугаар сард олдож байсан бөгөөд 2024 онд хийсэн судалгаагаар 1281 оны Хубилай хааны хоёр дахь удаагийн довтолгооны (Японы түүхэнд Коан дайн гэж нэрлэдэг) хөлөг мөн болох нь албан ёсоор батлагдсан юм. Түүхэн сурвалжид тэрхүү довтолгоонд 4400 орчим хөлөг онгоц оролцсоноос хүчтэй далайн шуурга буюу "Камиказе" (Тэнгэрийн салхи)-ийн улмаас ихэнх нь живсэн гэж тэмдэглэсэн байдаг.
Уг малтлага судалгаанд Монгол, Өмнөд Солонгос, Японы үндэсний институтийн мэргэжилтнүүд хамтран ажиллаж байгаа бөгөөд цаашид 2027 онд малтлагыг үргэлжлүүлэн хийхээр төлөвлөж байна.
Эх сурвалж: Nagasaki Shimbun
ТАТАР МАЙДАР







Нийгэм




