Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн 29 дүгээр хуралдаан өнөөдөр /2026.11.02/ болж, НИТХ-ын ээлжит IX хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг хэлэлцлээ.
Хуралдаанаар 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажил, махны нөөц бүрдүүлэлт, нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах болон хотын албан татварын хувь хэмжээг өөрчлөх асуудлыг танилцууллаа.
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд дулаан хангамжийн ажлын гүйцэтгэл 84 хувь, урсгал болон их засварын ажил 96 хувьтай байна. Цахилгаан хангамжийн ажлын гүйцэтгэл 92.5 хувь, урсгал болон их засварын ажил 84 хувийн гүйцэтгэлтэй байгаа бол авто замын шинэчлэл, үргэлжилж буй болон засварын ажлын нийт гүйцэтгэл 80 хувиас давжээ. Эрүүл мэндийн салбарын өвөлжилтийн бэлтгэл 93, боловсролын салбарынх 98 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн он гарснаас хойш таван сургууль, 10 цэцэрлэг, сургууль, цэцэрлэгийн гурван цогцолбор, нэг спорт заалны барилгыг ашиглалтад хүлээн авчээ.
Томуугийн эсрэг вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөсөн 293,610 хүнээс 263,870 хүнийг дархлаажуулалтад хамруулсан байна.
Махны нөөц бүрдүүлэлтийн талаар төлөөлөгч Г.Батзориг давсны нөөц өмнөх оноос нэмэгдсэн шалтгаан, үлдэгдэл хэмжээ болон дүүргүүдийн оролцооны талаар тодруулж, махны нөөц хүрэлцэх эсэхийг асуулаа. Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Мөнхбат 2027 оны хаврын улиралд нийт 10 мянган тонн мах нөөцлөхөөр төлөвлөсөн бөгөөд үүний 5000 тонныг төр, үлдсэн 5000 тонныг хувийн хэвшлийн оролцоотой бүрдүүлэхээр ажиллаж байгааг мэдээлэв.
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлын хүрээнд эхний есөн сарын эдийн засгийн үзүүлэлт, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 7.3 хувь, валютын нөөц 8.897 тэрбум ам.долларт хүрсэн талаар танилцууллаа. Үүнтэй холбогдуулан төлөөлөгч Ж.Энхжаргалан 2026 оны төсвийн задаргааг нарийвчлан харах санал гаргав. Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Мөнхбат төсвийн сахилга бат, хэмнэлтийг хангах чиглэлээр байгууллагууд ажиллаж байгааг онцоллоо.
Түүнчлэн нийслэлийн нутаг дэвсгэрт үзүүлж буй зочид буудал, амралтын газар, ресторан, баар, автомашин угаалгын болон авто үйлчилгээний зургаан төрлийн үйлчилгээнд ногдуулах хотын албан татварын хувь хэмжээг одоогийн 2 хувиас 1 хувь болгон бууруулах тогтоолын төслийг танилцууллаа. Уг өөрчлөлтийг 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр санал болгож байгаа бөгөөд ингэснээр үйлчилгээ эрхлэгчид болон эцсийн хэрэглэгчдэд ногдох татварын ачааллыг бууруулах ач холбогдолтой юм.
Танилцуулгатай холбогдуулан төлөөлөгч Г.Отгонсүрэн хотын татварын бодлогыг аялал жуулчлалтай уялдуулж, гадаад, дотоодын жуулчдын тоог нэмэгдүүлэх, нийслэлд саатах хугацааг уртасгахад чиглүүлэх санал дэвшүүлэв.
Ийнхүү Зөвлөлийн гишүүд НИТХ-ын ээлжит IX хуралдаанаар хэлэлцэх нийт 19 асуудлыг хэлэлцүүлэгт оруулахыг олонхын саналаар дэмжлээ. Ээлжит IX хуралдааныг энэ сарын 9-нд хуралдуулахаар товлолоо.
АДМИН







Улс төр



