Гаалийн байгууллага өнөөдөр 2023 оны жилийн эцсийн тайлангийн хурлыг хийлээ. Хуралд Гаалийн ерөнхий газрын бүх албан хаагчид төдийгүй эх орныхоо өнцөг булан бүрд ажиллаж байгаа гаальчид цахимаар оролцож өргөн хүрээнд зохион байгууллаа.
Тайлангийн хуралд Сангийн сайд Б.Жавхлан оролцож амжилттай ажилласан гаальчидад баяр хүргэж хэлсэн үгэндээ “Энэ онд манай улсын төсвийн гүйцэтгэл сүүлийн 33 жилд байгаагүй өндөр дүнтэй байна. Үүнд гаалийн байгууллага, гаальчдын оруулсан хувь нэмэр асар их байсныг салбарын сайдын хувьд онцлон тэмдэглэж нийт гаальчиддаа баяр хүргэе. МУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа цахим засаглал бодлогын хүрээнд гаалийн бичиг баримтын бүрдүүлэлтийг 19 гаалийн газар хорооноос нэг цэгт төвлөрүүлэн цахим бүрдүүлэлтийн төвийг байгуулсан нь үр дүнтэй хэрэгжиж байна. Цаашид Монголын гаалийн байгууллага технологид суурилсан хяналт хэрэгжүүлдэг болоход тасралтгүй анхаарч хөгжих шаардлагатай” гэсэн юм.
Гаалийн байгууллага энэ онд үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах тусгай чиг үүргийн хүрээнд хэсэгчилсэн болон нэгдсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэн 268 удаагийн үйлдлээр татвараас зайлсхийх зөрчлийг илрүүлэн 1.2 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлж, 17 удаагийн үйлдлээр 2630 хүн тун, 6 кг орчим мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис, 102 удаагийн үйлдлээр улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан хориглосон болон хязгаарласан барааг илрүүлэн зохих арга хэмжээг авч ажиллажээ.
Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөл байгуулж 2 удаагийн тусгай шалгалтыг зохион байгуулж нийт 234 иргэнийг ажилд томилсноор үүссэн сул орон тооны 75 хувийн нөхөн хангалтыг хийжээ. Гаальчдыг сургаж чадавхжуулах ажлыг тасралтгүй зохион байгуулж улсын хилээр хууль бус эд зүйл нэвтрүүлэх гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх гаалийн ажилтныг чадавхжуулах, мэргэшүүлэх VR (виртуал реалити) технологид суурилсан сургалтын танхим шинээр нээсэн байна.
2023 онд гаалийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр нийт 11 төсөл алга хэмжээг амжилттай хэрэгжүүлснийг ГЕГ-ын дарга Отгонжаргал онцоллоо. Тухайлбал, Замын-Үүд, Боршоо боомтын зорчигч болон ачаа тээврийн цогцолбор барилгууд, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Сүхбаатар боомтын Нэг цэгийн үйлчилгээний барилгыг улсын комисс хүлээн авсантай холбогдуулан шаардагдах тавилга, рентген болон бусад шаардлагатай техник хэрэгслийн хангалтыг хийлээ. Ирэх он жилүүдэд ч байгууллагын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр олон ажил арга хэмжээ төлөвлөгдөж, 2024 онд Гашуун сухайт, Бичигт боомтын бүтээн байгуулалт, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжих Булган, Цагааннуур, Хавирга боомтуудыг шинэчлэх ажлыг Боомтын сэргэлтийн үндэсний хороотой хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. 2023 оны Сангийн сайдын 18 дугаар тушаалаар албан тушаалын зэрэглэлийг шинэчлэн баталж, гаалийн улсын байцаагчийн дундаж цалинг 459,000 төгрөгөөр нэмэгдүүлж дундаж цалин 1,458,400 төгрөг болсон байна. Мөн хөдөө орон нутагт тасралтгүй 5 болон түүнээс дээш жил ажиллаж байгаа гаалийн улсын байцаагчид таван жил тутамд 12 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгох зохицуулалтыг Улсын их хурал Гаалийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн байна.



АДМИН








Нийгэм




