Dark Light
Нийгэм | 2024-01-14

Хөрөнгө оруулагч хөөх гээд байна уу, урих гээд байна уу?

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөрөнгө оруулалтын тухай хууль хэлэлцүүлэг биш хэрүүл, мэтгэлцээн биш мэрэлдээн болж хувирлаа.  Бид хэрэлдэгч Талуудын хэнийх нь ч талд орохгүй, тэнцвэртэй байх зарчмыг барьж, хөрөнгө оруулалтын хуулийн хэрэлдүүлгийн тоймыг хүргэж байна.

Экс Еөк Х.Баттулга ба түүний талынхан гадаадын хөрөнгө оруулалттай компани бүртгүүлэхэд 100 мянган доллар байршуулдаг босгыг авчихвал мөнгөгүй харийнхан олноор ирж суурьшина, газраа урамшуулалд нь дагуулаад өгдөг улс гэж байхгүй гэж үзэж байна.

Эдийн засгийн сайд Ч.Хүрэлбаатар хөрөнгө оруулалтгүй бол улс хөгжихгүй, хүн бүрд гадаад паспорт олгоно гэхэд бүгд гараад явчихна гэж эсэргүүцэж байсан. Өмнө нь өөрөө явж чаддаггүй ч юм уу, хулхи хужаа хятад танкнууд галт тэргэнд ачигдан орж ирнэ гэж айлгаж байсан. Өнөөдөр явган цэрэг нь хуулийн цоорхойгоор шахалдан орж ирнэ гэж айлгаж байна гэдэг утгатай хариу барилаа. Хятадын танк ачигдаж явдаг бол хятадын автобуснууд нь дугуйгаараа орж ирдгийг нотлох баримт болгон үзүүлсэн байна.    

Мөнгөний бодлого хэлэлцэхийг мөнгөний талаар бодлогошронгуй төлөв байдалд орох мэтээр ойлгодог А.Адъяасүрэн Америкт мөнгөний босго тавьдаг, Палестин яалаа гэж далайн цаадах тив, Ойрх Дорнодыг Монголтой жингийн тавган дээр тавьж жигнэн харьцуулж хадуурлаа. Америк бол хөгжингүй орон. Монгол бол хөгжиж байгаа орон. Америкт цагаачид өдөр 30 мянгаараа цувдаг бол Монголоос монголчууд нь цагаачилдаг. Палестинд шашин хоорондын 2000 жилийн туршид үргэлжилж буй зөрчил үргэлжилж байгаа бол бурхан шашин мянган жил ч болоогүй, газар авах гэсэн еврей хүн байхгүй байгаа юм.      

Монголын улс төрд манай тал, танай тал гэдэг дүрэм байдаггүй. Манай талын танай тал, танай талын манай тал, тэр бүү хэл манай талын танай талын манай тал гэж хүртэл байдаг. Жишээ нь, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн гэдэг хоёр сайд Засгийн газрынхаа хурлаар хэлэлцээд, олонхоороо шийдээд УИХ-д өргөн барьсан төсөлд сөрөг хүчин боллоо. Харин АН-ын нэг нарийн бичгийн дарга охин хаалгаа нээе гэсэн бол бусад нарийн бичгүүд нь хаалгаа хаая гэлээ. АН-ын дарга хуулийн төслийг бол нэг дэмжээд, нэг удаа эсэргүүцсэн байна.

Угаасаа 100 жилээр газар эзэмшүүлэх гэж хуультай байсныг харин ч ашиглуулах гэж өөрчилсөн талаар Ч.Хүрэлбаатар хэлсэн. Х.Болорчулуун эзэмших, ашиглах хоёр бол монгол хэлний хоршоо үг гэсэн. Хуулиар бол хоршоо үг биш хоёр өөр ойлголт. Дээр нь үйлдвэр, байшин, барилга барьсан бол доорх газрыг нь ашиглахгүй байх аргагүй. Газрыг нь ашиглахгүй юм бол агаар дээр хөвдөг байшин барих юм уу? гэх мэтээр ана мана, ач тач үзэлцэж байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19