Хятадын BYD компанийн үйлдвэрлэсэн Yangwang U9 Xtreme суперкар осолдсон байна.
Урьдчилсан мэдээллээр, осол хаалттай туршилтын замд автомашиныг цагт 500 км хурдлуулах оролдлого хийх үеэр гарчээ. Мөргөлдөөний улмаас машины хойд тэнхлэг бүрэн салсан байна. Жолооч гэмтэж бэртээгүй бөгөөд автомашинаас өөрөө гарч чаджээ.
Yangwang U9 Xtreme нь дөрвөн цахилгаан хөдөлгүүртэй, 1,200 вольтын хүчдэлд зориулагдсан цахиур-карбидын платформ дээр бүтээгдсэн спорт автомашин юм. Хөдөлгүүрийн системийн дээд хүчин чадал 2,220 кВт, нэг тонн жинд ногдох чадал нь 895 кВт буюу 1,200 морины хүчтэй. Мөн 30C цэнэг алдалтын технологитой, 80 кВт.ц багтаамжтай батарейгаар тоноглогджээ.
Тус загвар өмнө нь Германы Папенбургийн туршилтын замд цагт 496.22 км хурдалж, дэлхийн хамгийн хурдан цуврал үйлдвэрлэлийн автомашины рекорд тогтоож байсан юм. Машины үнэ ойролцоогоор гурван сая ам.доллар аж.
Арваннэгдүгээр сард Арабын Нэгдсэн Эмират улсад Yangwang U9 Xtreme-ийг цагт 500 км-ийн босгыг давуулах зорилготой хурдны рекорд тогтоох туршилт хийхээр төлөвлөж байжээ.







Нийгэм



