2024 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн 14:40 цагийн үед Сүхбаатар аймгийн Дарьганга сумаас зүүн хойш 25 километр зайд “Таван хүн машиндаа осгосон шинжтэй байна” гэх дуудлага, мэдээлэл тус аймгийн Цагдаагийн газарт бүртгэгджээ. Аймгийн цагдаагийн газраас шалгахад урьдчилсан байдлаар "Toyota Harrier" маркийн тээврийн хэрэгсэлд 42-63 насны эрэгтэй, эмэгтэй хоёр, 4-16 насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд нийт дөрвөн хүн осгосон байдалтай амь насаа алдсан байж болзошгүй харамсалтай үйл явдал болсон. Уг тээврийн хэрэгслийн жолооч 42 настай эрэгтэй осгосон байдалтай байсныг малд явж байсан иргэн олж, ойролцоох айлд хүргэж, сумын эмнэлгээс анхан шатны тусламж үзүүлж, шалтгаан нөхцлийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа.
Жолооч эрэгтэйн биеийн байдал ямар байгаа талаар сурвалжиллаа.
Сүхбаатар аймгийн Дарьганга сумын эрүүл мэндийн төвийн их эмч н.Мөнххишигээс тодрууллаа.
-Нэгдүгээр сарын 11-ний өдөр осголтын байдалтай очсон жолооч танай эмнэлэгт эмчлүүлж байгаа юу?
-Аймгийн нэгдсэн эмнэлэг рүү шилжүүлсэн.
-Биеийн байдал нь ямар байсан бэ?
-Биеийн байдлыг тогтворжуулаад, шаардлагатай шинжилгээнүүдийг хийлгэхээр Аймгийн эмнэлэгт шилжүүлсэн.
-Хэзээ шилжүүлсэн бэ?
-Өчигдөр 14:00 цагт.
-Хэдэн настай хүн байсан бэ?
-40 гаруй насны эрэгтэй хүн байсан.
-Анх эмнэлэгт ирэхдээ ямар байдалтай ирсэн бэ?
-Осголтын байдалтай ухаангүй ирсэн. Их хүнд байсан. Ямар ч гэсэн биеийн байдлыг нь тогтворжуулаад шилжүүлсэн.
-Ар гэрээс нь хүн ирсэн үү?
-Өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломж алга гэлээ.
Ингээд Аймгийн нэгдсэн эмнэлэг рүү холбогдлоо.
Жолоочийн эмчилгээ хариуцаж байгаа эмч н.Ганчимэг ярихдаа “Шаардлагатай шинжилгээнүүдийг авсан хариу нь гараагүй байна. Яаралтай эмчилгээ, нэмэлт шинжилгээ хийлгэхээр Бүсийн оношилгоо эмчилгээний төв рүү ах нь аваад явсан. Хэнтий аймагт эмчлүүлэхээр өнөөдөр гарсан” гэв.
Ингээд жолооч н.Элбэгсайханы ах н.Элбэгжаргалтай холбогдлоо.
-Дүүгийн тань биеийн байдал одоо ямар байгаа вэ?
-Бид бас ажил явдалтай байгаа тул би сумандаа үлдээд ар ажлаа зохицуулж байна л даа. Манай дүүг том ах маань эмчлүүлэхээр аваад явсан. Одоо Хэнтий аймагт байгаа.
-Өчигдөр сумын эмнэлгээс аймгийн эмнэлэгт очсон гэж байсан. Дахиад Хэнтий аймаг руу явах шаардлага үүссэн хэрэг үү?
-Тэгсэн. Нэмэлт эмчилгээ, шинжилгээ хийлгэхээр болсон.
-Биеийн байдал нь хэр байгаа вэ?
-Гайгүй тогтворжсон.
-Анх эмнэлэгт ямархуу байдалтай очсон бэ?
-Анх би өөрөө сумын эмнэлэг рүү хүргэсэн. Нэлээд тааруу очсон. Хүн танихгүй, юу ч ярихгүй, дугарахгүй. Хүндхэн байдалтай байсан.
-Одоо юм ярьж эхэлсэн үү?
-Одоо зүгээр болсон. Бүгдийг нь таниад, хоол ундаа өөрөө идээд зүгээр харилцаж байгаа.
-Өөрөө босож сууж байгаа юу?
-Өөрөө босож, орон дээрээ суугаад хоол ундаа идэж байгаа. Алхаж явуулж үзээгүй. Жаахан болгоомжлоод байна. Яах ч юм билээ. Нэг хөл нь жаахан бадайралттай байгаа.
-Бусад биеийн хэсэг зүгээр байгаа юу. Өөр ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн үү?
-Гар, бие нь хөлдсөн зүйл байхгүй. Нурууны хэсэг, шилэн хүзүүний хэсэгтээ жаахан хайрагдсан байсан. Нуруунд жаахан цэврүү үүссэн байна лээ. Одоо тэр нь зүгээр болсон.
-Тухайн үед яг юу болсон талаар тантай ярьж амжсан уу?
-Тийм зүйл ярьж амжаагүй ээ.
С.ОТГОНБАЯР
АДМИН








Нийгэм




