Dark Light
Нийгэм | 2024-01-15

Орхон аймаг “Авто зам-2024” хэлэлцүүлэг зохион байгууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Орхон аймаг энэ жил 50 тэрбум төгрөгөөр 46 байршилд авто замаа шинэчилж, их засвар хийхээр төлөвлөж буй. 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны есдүгээр сард Орхон аймгийн иргэдтэй уулзах үеэр иргэдээс гарсан санал хүсэлтэд тулгуурлан 50 тэрбум төгрөгийг авто зам, замын байгууламжийн засвар, шинэчлэлд зарцуулах шийдвэрийг гаргасан. Ингэхдээ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын улсын төсөвт төвлөрүүлдэг орлогоос 50 тэрбум төгрөгийг орон нутагт зарцуулахаар шийдвэрлэсэн билээ. 

Тиймээс аймгийн удирдлагууд авто зам, засварын их ажлаа эхлүүлэхээс өмнө Монголын авто замчдын холбоотой хамтран “Авто зам-2024” хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Орхон аймгийн  Засаг даргын  орлогч М.Түмэнжаргал, Авто замчдын холбооны тэргүүн М.Ган-Эрдэнэ  мөн тус холбооны  8 зөвлөх инженер, зураг төслийн 7, авто замын барилга угсралтын 9 компани, орон нутгийн холбогдох албаны удирдлага, мэргэжилтнүүд оролцож  санал солилцов.  

Засаг даргын  орлогч М.Түмэнжаргал “Аймаг доторх орон нутгийн чанартай авто замын сүлжээг өргөтгөх, сайжруулах ажлын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 онд аймгийн иргэдтэй уулзах үеэр, авто зам, замын  байгууламжийг шинээр барих, их засвар, хийхэд зориулж 50 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэсэн. Энэхүү хөрөнгөөр хийгдэх авто зам, замын байгууламжийн ажлуудын судалгааг гарган, ажлын зургийн даалгаврыг боловсруулаад  байна. Аймаг, орон нутгийн бүтээн байгуулалтад оролцох гэж буй үе үеийн замчид Та бүхэнд ажлын амжилт хүсье” гэлээ. 

Мөн  Авто замчдын холбооны тэргүүн М.Ган-Эрдэнэ  орон нутгаас анхлан Орхон аймаг авто замын хэлэлцүүлэг, уулзалтыг зохион байгуулж байгааг онцолсон. 

Орхон аймаг  нийт 130 км хатуу хучилттай авто замтайгаас 60 хувьд  нь буюу 80,8 километрт нь их бага хэмжээгээр эвдрэл үүссэн. Авто замаа засаж, шинэчлэх тооцоо судалгааг  мэргэжлийн  байгууллагууд гаргахдаа  эвдрэл, замын хөдөлгөөний ачаалал,   насжилт зэргээр нь эрэмбэлсэн билээ. 

Урьд жилүүдэд үе шаттайгаар авто замаа шинэчилж, засварлаж ирсэн ч нэг дор 50 тэрбум төгрөгөөр авто замынхаа асуудлыг шийдвэрлэж байсан удаа үгүй юм. Тиймээс авто замын шинэчлэл, засварын ажлыг төлөвлөлтөөс эхлээд ашиглалт хүртэл чанартай, хариуцлагатай, үр дүнтэй байлгахад ихээхэн анхаарч буй. 

Хэлэлцүүлгээр Хотын авто зам, замын байгууламжийн төлөвлөлт, авто замын ус зайлуулах байгууламжийн төлөвлөлт,  Хотын авто зам, замын байгууламжийн төлөвлөлт авто замын ус зайлуулах байгууламжийн төлөвлөлт, Орон нутгийн авто замууд дээр гүйцэтгэгчид тулгардаг бэрхшээл, нийтлэг асуудал, төсвийн норм дүрмийн өөрчлөлт, орон нутгийн авто замууд дээр зохиогчийн хяналтын явцад гардаг нийтлэг алдаа зэрэг мэдээллийг мэргэжлийн  байгууллагууд санал солилцлоо. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19