Dark Light
Нийгэм | 2024-01-16

Хүүхэд, нохойн ДООГ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өрвөлзсөн ууртай өвгөжөөр эр өсвөр насны охин, өөдсийн чинээ нохойг өшиглөн тангарсан бичлэг баримт өчигдөр өнөөдрийн сэдэв боллоо. Жаахан охин жижигхэн нохойдоо хушуувч зүүгээгүй нь буруу ч өвөө шиг нь хүн атлаа хэлээрээ биш хөлөөрөө болж өвчигнөн дүвчигнэсийг нь олон түмэн буруушааж, зүгээр явдал бус зөрчлийн хэрэг үүслээ. Хав нохойноос хачин их айдаг байлаа гэхэд хүүхдэд хүний хэлээр анхааруулж, хууль ёсоо барьж, үлгэр дууриал үзүүлэхийн оронд хүчирхийлэн өшиглөх нь хууль журмыг зөрчсөн, харгис балмад үйлдэл.  

 Хүүхэд, нохой өшиглөвөл хүүхэд, нохойн доог болдгийг танхай, тавьтиргүй өвгөн биеэр үзүүллээ. Нохойг англиар дог гэдэг. Хүүхэд бяцхан хав зодвол хүүхэд, нохой зодвол доог болдог. 

Өсвөр насны охины оронд өндөр бахим залуу, өвдгийн чинээ сагсгар хавны оронд өсгөлүүн бахим нохой байсан бол өвгөн өшиглөх нь бүү хэл үг хэлж чадахгүй айж бэмбэгнэх нь нь гарцаагүй.  

Чихэр гуйсан, нохой тэвэрсэн, худалдагч ажилтай охид, тоглож наадсан хөвгүүд, автобусанд мөрөөрөө яваа залуусыг өшиглөсөн нударсан, хиамны хутга гаргасан, орос монголоор хараасан онгироо тавьтиргүй, насандаа намбагүй хөгшин залуу, эр эм дөвчигнүүрүүд тасрахгүй байна. 

Сошиал сүлжээ энэ мэтийг илчлэн шоолж, нийгэм өөрийгөө эмчлэн цэвэрлэж байх талбар юм.

Харин элий балай, сэтгэцийн өвчтэй, ухаан хомсдолтой хүмүүсийн түмний өмнө галзуурах, олны нүдэн дээр солиорох инээдэм биш эмгэнэлийн тайз талбар болсоор байна. Элий балай хэн нэгний элдэв янзын солиорлыг үзэж шохоорхож, сонжиж  сонирхож, түгээж тарааж, хөөргөөд, бах таваа хангаж, балиар таашаал эдэлж байгаа Та ч яг одоо сэтгэцийн эмчид үзүүл.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19