Dark Light
Нийгэм | 2024-01-16

С.Амарсайхан: “Иргэдээс ямар нэгэн нэмэлтгүй зөвхөн шатахууныхаа зардлыг авах ёстой” гэсэн тушаал бий

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өмнөговь аймгаас осолд орсон иргэнийг нисдэг тэргээр тээвэрлэж, авчирсан асуудлаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханаас тодрууллаа.

-Өмнөговь аймгийн Ханбогд сумаас осолд орсон иргэнийг нисдэг тэргээр тээвэрлэж ирэхэд шатахууны зардалд 10 сая төгрөг төлөх ёстой гэж ар гэр нь хэлж байна. Тухайн гэр бүл энэ зардлыг шууд төлөх чадамжгүй тухай мэдээлэл өгсөн. Энэ зардлыг ар гэр бүрэн хариуцах ёстой юу?

-Нэн тэргүүнд хүний амь нас аврахтай холбоотой Онцгой байдлын алба, агаараас эрэн хайх аврах, хойшлуулашгүй сэргээн босгох үйл явцад зориулж нисэх анги бүрэлдэхүүнийг үйл ажиллагаанд оруулаад жил гаруйн хугацаа болж байна. Харамсалтай нь Ковидын цар тахлаас үүдэн удааширсан зүйлүүд бий. Энэ хугацаанд 90 гаруй дуудлагаар 133 хүний амь насыг авран хамгаалаад байна. Яг өнөөдрийн тээвэрлэн авчирсан иргэн шиг газраар явах боломжгүй  иргэдийг хүсэлтээр нь, онцгой нөхцөл байдалд татаж, тээвэрлэн эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгдөг. Энэ ажиллагаа байнгын явагдаж байгаа. Зардал мөнгөтэй холбоотой асуудалд Шадар сайдын баталсан тушаал бий. Иргэдэд ямар нэгэн нэмэлт зардалгүйгээр онцгой байдал гарсан үед зөвхөн шатахууныхаа зардлыг авах ёстой гэсэн. Өнөөдрийн нөхцөлд мөнгө төгрөгнөөсөө илүү хүнээ эхлээд аваръя гэсэн зарчмаар явсан. Ер нь өнгөрсөн хугацаанд ч энэ зарчмаар л явсан. Цаашдаа нэгэнт л урсгал зардал гарч байгаа учраас төрөөс гэдэг юмуу, онцгой байдлын байгууллагаас байнга зардал гаргаад байвал хүндрэлтэй учраас иргэд амь нас, эрүүл мэндийн даатгалынхаа хүрээнд даатгалаараа үүнийг зохицуулах боломжтой. Түүнээс өчигдрийн яригдсан шиг 44 сая төгрөгний зардалтай, 10 сая төгрөг өгөхгүй бол явахгүй гэдэг зүйл огт байхгүй. 

-Ийм үед аврах ажиллагаанд оролцох хэдэн нисдэг тэрэг байгаа вэ?

-Гурван нисдэг тэрэг бий. Францын засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр энэ төслийг хэрэгжүүлсэн учраас Францын нисэх бие бүрэлдэхүүн, инженер техникийн ажилтан алба хаагчид гурван жилийн хугацаатай манай нисгэгчдийг сургаж байгаа. Инженер техник, аюулгүй байдлын засвар үйлчилгээгээ хийж байна. Тэгээд энгийн нислэгээс ялгаатай. Энгийн нислэгийн үед 500 цаг нислэг хийгээд, бие дааж нисэх боломжтой болдог бол онцгой нөхцөл байдлын үүрэг гүйцэтгэдэг нисгэгч 4000 цаг нисэж байж бие даасан гамшгийн үеийн нислэг хийх боломжтой болдог. Өнөөдөр манайд нисгэгчийн дутагдалтай байгаа. 12 залууг нисгэгчээр сургаж байна. Одоогийн байдлаар 500 цаг орчмын нислэг үйлдсэн. Гэхдээ багадаа эхлээд 3500 цаг орчмын нислэг үйлдэх ёстой. Гэрээ нь сая дууссан. Яагаад гэвэл би хэлсэн ковидоос болоод хугацаа алдсан, хойшилсон учраас дахиж гэрээгээ сунгаад, гурван жилийн хугацаанд ажлаа бэхжүүлнэ. Цаашдаа зөвхөн Улаанбаатар хотод гэлтгүй баруун, зүүн бүс гээд бүсчилсэн маягаар нисэх ангиудаа байгуулна. Нэг бүст нэг нисдэг тэрэг гэдэг ч юмуу. Заавал Улаанбаатараас тийшээ 7 цаг нисэхгүй. Өмнөговиос иргэнийг тээвэрлэж авчирхад нэг талдаа гурван цаг гаруй явж, нийтдээ 7 цаг явж байна. Тэгэхээр ингэж хугацаа алдахгүйгээр алсдаа бид хүнээ сургаад, техник технологийнхоо аюулгүй байдлыг хангаад, бүс болгонд нэг нэг нисдэг тэргээр хангаж, аврах ажиллагааг хийнэ гэж бодож байгаа. Ингэснээр олон хүний амь насыг аврах, гамшиг ослын үед хариу арга хэмжээг авах, түргэн шуурхай цаг алдахгүй авран хамгаалах үйл ажиллагааг явуулах боломж нөхцөл нь бүрдэх юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19