Өнгөрсөн сард БНСУ-д зохион байгуулагдсан "Go Mongolia" арга хэмжээний үеэр И Сан Бон болон тус улсын Урлагийн холбооны тэргүүн Самюэль Жон нартай холбогдох албаныхан уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.
Энэхүү уулзалтын үр дүнд Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэл хувцас загварын салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллага, хувь уран бүтээлчдийг дэмжих, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, Монгол үндэсний хувцасны өв соёлоо сурталчлан таниулах Үндэсний хувцасны загварын долоо хоног буюу “Fashion Week” арга хэмжээнд загвар зохион бүтээгч И Сан Бон хүрэлцэн ирж мастер класс сургалтыг зохион байгуулахаар боллоо.
И Сан Бон нь солонгосын уламжлалт элементүүдийг орчин үеийн хэв маяг, өрнө дорнын гоо зүйтэй хослуулсан өвөрмөц загварууд бүтээдгээрээ алдартай бөгөөд Рианна, Бейонсе зэрэг дэлхийн оддын хувцсыг урлаж, олон улсын тавцанд өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгосон билээ.
Түүний арга барилаас суралцах нь монголын залуу загвар зохион бүтээгчдэд урам зориг, шинэ санаа өгөх төдийгүй цаашид олон улсад хүлээн зөвшөөрөгдөхөд эерэг нөлөө үзүүлнэ. Түүнчлэн энэхүү арга хэмжээ нь Монгол, Солонгосын соёл урлагийн солилцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх ач холбогдолтой юм.

АДМИН








Нийгэм





