Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Хүний эрхийн Үндэсний Комисс, Хууль зүй, дотоод хэргийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Глоб Интернэшнл, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний Комисс, Нээлттэй нийгэм форум хамтарч "Байгаль орчны доройтолтой тэмцэхэд сэтгүүлчдийн үүрэг, оролцоо" хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд Иргэний нийгэм болон байгаль орчны чиглэлээр ажиллаж буй хүний эрх хамгаалагчдын эрхийн хэрэгжилтийг судалж, тусгасан.
Тус хэлэлцүүлэгт Комиссын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов оролцлоо.
Тэрбээр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг нийт сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад хүргээд "Сэтгүүлч бол хүний эрх хамгаалагчид зүй ёсоор тооцогддог.
Тиймдээ ч эх дэлхийгээ хамгаалах, байгалийн тэнцвэрт байдлыг хадгалах, хүний эрүүл орчинд амьдрах эрхийн хэрэгжилтийг дээшлүүлэхэд сэтгүүлчдийн үүрэг, оролцоо, манлайлал туйлын чухал юм. Хэдийгээр байгаль орчны чиглэлээр дагнан ажилладаг сэтгүүлч ховор байгаа ч гэлээ цаашид мэргэшсэн сэтгүүлч улам олширно гэдэгт итгэлтэй байна" гэлээ.
Улмаар Хүний эрх хамаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилт болон иргэний нийгэм болон байгаль орчны чиглэлээр ажиллаж буй хүний эрх хамгаалагчдад тулгамдаж буй асуудал, өнөөгийн нөхцөл байдлыг танилцуулж, оролцогчдын санал хүсэлтийг сонсож, сонирхсон асуултад хариулт өгөв.
АДМИН







Нийгэм





