Тавдугаар сарын 3-ны өдөр 3 болон 5 настай хүүхдүүдийг гутлынх нь үнэрээр олсон Шонхор, Альфа нохдын сургалтын төвийг зорилоо. Хотын баруун захад 05 дугаар ангийн хашаанд Цагдаагийн ерөнхий газрын сургалтын нэгдсэн төв байрладаг ажээ.
Шалганаар орох зөвшөөрлөө аваад цааш нэвтэрлээ. 05 дугаар ангийн цэргүүд хашаандаа бэлтгэлээ хийж гүйнэ. Харин шалганаас чигээрээ урагшаа 20-иод метр яваад ЦЕГ-ын сургалтын нэгдсэн төвийн байр байна. Үүдэнд нь ЦЕГ-ын сургалтын нэгдсэн төвийн албаны нохой сургалтын үнэрийн лабораторийн эрхлэгч, цагдаагийн хошууч Ц.Алтанцоож биднийг хүлээн авлаа.
Тэрбээр ангиа танилцуулав.
Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн албаны нохой сургалтын хэлтэс 1944 оны сайд нарын тушаалаар үүсэн байгуулагдсан. Энэ жил 80 дахь жилдээ цагдаагийн байгууллагад төрөл мэргэжлийн алба болоод үйл ажиллагаагаа явуулж байна. Манай алба улсын хэмжээнд 21 аймгийн цагдаагийн газар, хэлтэс мөн Нийслэлийн цагдаагийн газрын шөнийн эргүүлийг нохойгоор хангаад, албаны нохой сургалтыг хариуцан дагнаж ажилладаг. Манайх найман үүлдрийн 60 гаруй нохойг албаны 7-8 чиглэлээр үржүүлж, үржлээс гарсан нохдоо чиглэл чиглэлээр төрөлжүүлэн сургаж байгаа. Хуучин дандаа овчарк нохойг сургадаг байсан бол энэ жилээс нохдоо төрөл мэргэжилтэй болгож байна. Тэсрэхэд гэхэд лабораторийн үүлдрийн нохой ч юм уу, жаахан томхон биетэй массив төрлийн нохойг объектын хамгаалалтад сургаж ашиглаж байгаа.
-Хэзээнээс эхэлж нохойг төрлөөр нь сургасан юм бэ?
-2014 оны шинэчлэлээс хойш тэсэрч дэлбэрэх бодис, хар тамхи, харьцуулалт, эрэн хайх ажиллагаа гээд чиглэл чиглэлээр нь ашиглаж байгаа.
-Нохой үржүүлэг нь эндээ цуг байрладаг юм уу?
-Тийм. Манайх 2014 оноос хойш дотооддоо нохойгоо үржүүлж байгаа. Хуучин дандаа гаднаас худалдаж авдаг байсан. Хамгийн сайн нохойг шилж авч ажиллуулдаг байлаа. Үржлээс 10 гөлөг гарахад энэ гэхэд объектын хамгаалалтад сайн юм байна. Энэ хар тамхи олох юм байна. Энэ тэсрэх бодис олох юм байна гээд нохойны темпераментад нь тохируулаад ялгадаг. Хүнтэй ижилхэн шүү дээ нохой чинь дөрвөн төрлийн темпераменттай.
-Гөлөг хэдэн сартайгаасаа хамгийн их юм сурах магадлалтай байдаг юм бэ?
-Магадлал гэхээсээ илүү албанд тэнцэх үүлдрийн онцлогоос шалтгаална. Жишээлбэл, тэсрэхийн сургалт, хар тамхины сургалт өөр өөр байгаа шүү дээ. Гөлгийг жаахан томорсон хойно нь ачаалал даах чадвараас нь хамаарч, сонгож авдаг. Ихэвчлэн манайх зургаан сартайгаас нь эхлүүлээд сургалтад явуулж эхэлдэг.
Ингээд цааш Шонхор болон Альфа нохдын байр руу очлоо. Нэг эгнээндээ 5-6 нохойны байр тус бүрд нь ангилан үүр хийжээ. Урагшаа нэлээд олон эгнээ байх аж. Том хашааны урд булан хүртэл хэдэн ч эгнээ нохойн байр байгааг тоолж барахааргүй олон мэт санагдав. Альфа бэлтгэлдээ гарахаар бэлтгэлийн талбайн үүдэнд байх тус тусдаа тороор хашсан байранд оржээ. Хоёр бор, нэг цагаан овчарк, нэг жижигхээн гөлөг энэ дөрвөн байрыг эзэлсэн байна. Тэрхүү цагаан овчарк нь нөгөөх хүүхдүүдийг нүхнээс гутлынх нь үнэрээр олсон Альфа юм. Эзнээ хараад дүүхэлзэн онгирч буй мэт тэмүүлнэ. Жижигхэн гөлгийг хэдэн сартайг сонирхоход хоёр сар орчимтой гэнэ. Ингээд Шонхор нохойн төлөөлөгч цагдаагийн ахмад Д.Чингэл, Альфа нохойн төлөөлөгч цагдаагийн дэслэгч Э.Анхбаяр нар нохдоо хөтлөөд ангиа танилцуулан бид хэсэг ангийн хашааг тойрч алхлаа.
05 дугаар анги нь дотоодын цэрэг бэлтгэх болон ЦЕГ-ын сургалтын нэгдсэн төвийг байрлуулсан том объект аж. Дундуураа хилийн заагтай. Зүүн тал нь 05 дугаар цэргийн ангийн хэсэг бол баруун тал нь ЦЕГ-ын сургалтын нэгдсэн төвийн хэсэг ажээ. Хашааны баруун зүгт нэгэн жижигхэн цэцгийн мандалтай, тэрхүү мандал дээр хоёр нохой, хоёр гөлөгний хөшөө байх аж. Энэ хөшөө нь тус ангид олон жил ажилласан Сони гэх эмэгтэйн нохойн хөшөө юм. Тэрбээр маш олон хүнд хэцүү хэргийг илрүүлсэн түүхт нохой. Түүний талаарх нэвтрүүлэг ч байдаг гэнэ. Тэрхүү хөшөөг хүрэх замыг олон улсад хэрэг илрүүлэхэд ашигладаг 14 төрлийн үүлдрийн нохойн зургийг онцлог шинж, чадвар зэргийг бүгдийг бичиж тавьжээ. Сэрвээн өндрийг нь хүртэл дунджаар нь бичсэн байх аж.
Ингээд бид хөшөөт мандлын жижигхэн сааданд хэсэг хором ярилцан суув.
-Альфаг анх хэдэн сартайгаас сургахаар авч байв. Альфа аль улсын ямар үүлдрийн нохой вэ?
-Альфагаа 2021 оноос хойш одоог хүртэл хөтөлж байна. Хойд америкийн Швейцар улсаас гаралтай. Одоо Швейцар улсад энэ үүлдрийн нохдыг ашигладаг.
-Шонхорын хувьд?
-Шонхорын эх нь баруун германаас ирсэн Жек гэж дуудлагатай нохойг дотооддоо үржүүлсэн. 2016 онд төрөөд 2017 онд курст суусан.
-Гөлгийг хэдэн сартайгаас нь сургаж эхэлдэг юм бэ?
-Сургалтад авахдаа 6 сартайгаас дээш нохойг хамруулдаг. Миний Шонхор дуудлагатай нохой 2016 онд төрөөд, 2017 оны дөрөвдүгээр сараас курст сууж эхэлсэн.
-Өмнө нь та хоёр нохой сургаж байсан туршлагатай гэсэн. Эдгээр гурван нохдод адил төстэй шинж чанарууд бий юу?
-Шонхор одоо 7 настай. Албанд 7 жил хөтөлсөн. 8 дахь жилдээ тэтгэвэрт гарахыг манай алба хэлтэс дотооддоо зохион байгуулаад шийднэ. Урьд нь би хоёр нохой сургасан. Бас л хоёулаа овчарк байсан. Тэр хоёр бас л тэтгэврийн нас нь болоод тэтгэвэрт нь гаргасан.
-Одоо тэтгэвэрт гарсан хоёр нохой танд байгаа юу?
-Хоёр нохой минь хоёулаа нас барчихсан. Бурхан болсон.
-Шонхорыг тэтгэвэрт гарахаар нь та өөрөө авах уу?
-Тэгнэ. Нохойн төлөөлөгч нохойгоо өөрөө авсан нь дээр. Дараа нь нохойгоо санана. Нохой нь эзнээ санаад бэтгэрээд байдаг учраас өөрсдөө авсан нь дээр. Урьд нь манайд 2017 онд байх Сони гэх дуудлагатай нохой тэтгэвэрт нь гаргаад Ийгл телевизээр нэвтрүүлгийг нь хийж гаргаж байсан. Эзнээ санаад бэтгэрээд байдаг учир тэтгэвэрт гарахаар нь нохойн төлөөлөгчид өөрсдөө аваад л насан эцэслүүлдэг дээ.
-Нэг нохойн төлөөлөгч нэг л нохойг сургадаг уу. Зэрэг хэдэн нохой сургах боломжтой байдаг вэ?
-Манайх 21 аймагт бүгдэд нь нохойн төлөөлөгчтэй. Ерөнхийдөө 5-6 сартайд нь нохойгоо сургаж эхэлдэг. Нэг төлөөлөгч нэг л нохойг сургадаг.
-Одоо яг сургалтын нэгдсэн төвд хэдэн нохой байгаа вэ. Тэдгээрийг сургах хүний нөөц хангалттай бий юу?
-Одоогоор манай албанд 80 гаруй нохой бий. Хүний нөөцийн хувьд харьцангуй гайгүй байгаа.
-Альфа та хоёр 2021 оноос хойш хэчнээн хэрэг илрүүлэв?
-2021 оноос хойш 109 хэрэгт чиглэл тогтоон ажиллаж, 30 гаруй хэргийг илрүүлсэн.
-Түүнээс таны хувьд хамгийн сэтгэлд үлдсэн бахархалтай хэрэг илрүүлэлт аль нь байв?
-Хамгийн дурсамж үлдсэн нь МТ колонк дээрэмдүүлээд, чиглэл тогтоон ажилласан. Түүнийг л мартдаггүй юм.
-Хамгийн хүнд хэцүү үе хэзээ байв. Шантрах үе гарч байв уу?
-Шонхор нохойтойгоо 7 жилийн хугацаанд үүрэг гүйцэтгэхдээ хөдөө орон нутагт эрэлд бас ажилласан. 2020 онд Сэлэнгэ аймагт 10 хоног эрэл хийж ажилласан. Хэцүү гэвэл 2017 онд БЗД-ийн 21 дүгээр хороонд “Голын эргээс аргамжаатай морио алдсан” гэдэг дуудлагаар мөрдлөг хийж илрүүлэн ажилласан байдаг. Тэр үед албаны нохой ашиглаад, шавар намаг, ус туулаад явж байхад нохойны минь чансааг сорьсон хэрэг дээр ажиллалаа гэж би боддог. Тэр хэргийг илрүүлсэндээ миний нохойны сургалт, чадварыг шалгасан юм болов уу гэж дотроо боддог юм.
-Шонхортой 7 жилийн хугацаанд хэдэн хэрэг илрүүлэв?
-7 жилийн хугацаанд 2800 хэргийн газар очиж, 1500 хэрэгт албаны нохойн чиглэл гаргаж, 132 хэргийг илрүүлсэн байдаг.
-Шонхор эрлээ олчхоод ямар биеийн хэлэмж гаргадаг вэ. Илрүүлснийх нь дараа нохойгоо яаж урамшуулдаг вэ?
-Нохойг хэрэг илрүүлэх явцад, хэрэг илрүүлснийх нь дараа амьтных нь биеийн хэлэмжээр хөөрсөн, баярласан, олсон гэдэг нь ажиглагдана. Нохойн төлөөлөгч нохойгоо уншдаг л гэсэн үг. Ерөнхийдөө нохойгоо сургалтад оруулаад, сургах явцад эд зүйл олохоороо нохой хөөрөөд, хөгжөөд хүн яаж баярладагтай адилхан л хөөрдөг. Хэргийн газар очоод ажиллахад ч бас тэр л хэлэмжээ гаргана. Эзэндээ эрлээ олсон гэдгээ сууж юм уу, хуцаж дохио өгдөг. Тэр үед нь эзэн нь нохойгоо урамшуулж шагнана.
-Шонхорын хамгийн идэх дуртай зүйл нь юу вэ?
-Манай нохой цагаан самар идэх дуртай. Зориулалтын хоол идэх бас дуртай.
-Альфагийн хувьд хамгийн идэх дуртай зүйл нь юу вэ. Дээрээс нь сургалтын нэгдсэн төвд нохдод тусдаа хоолзүйч гэж байдаг уу?
-Манайх тусдаа үржлийн хэсэгтэй. Дотроо нохой маллагч тусдаа. Бидний нохойг хариуцаад байж байдаг. Мөн малзүйчтэй. Өглөө бүр бэлтгэл сургуулилтад гарахад нь нохойгоо үзээд гаргадаг. Альфа зориулалтын хоол, печень идэх дуртай.
-Альфа хэрэг илрүүлээд ямар биеийн хэлэмж гаргадаг вэ?
-Хүүхэд сэтгэл нь хөөрдөг шиг нохой хөөрнө. Баярлаад үсрээд л хөөрнө дөө.
-Ноход өдөрт хэдэн цагийн ямар бэлтгэл хийдэг вэ?
-Өдөрт бид давтан сургалтыг ажлын найман цагаар хийдэг. Өглөө 09:00-17:00 цагт өдөр тутмын бэлтгэл хийнэ. Хашаанаас гарч СХД-ийн нутаг дэвсгэрт гудамж болон задгай талбайд очиж сургалт хийнэ. Тухайн сургалтыг Сургалтын нэгдсэн төвийн удирдаж буй багш нар удирдана. Удирдлагууд орон зайн мөрдлөг, эрлээр ч юм уу, сонгосныг нь хамт хийх, зориулалтын зайг талбайг нь сонгоод очиж сургалтаа хийдэг.
-Нохойг эмчийн үзлэгт ямар давтамжтай оруулах вэ, вакциныг ямар давтамжтай хийдэг вэ?
-2 болон 5 сартайд нь вакцинд хамруулна. Улиралдаа нэг удаа туулгаа хийгээд явчихдаг. Үзлэгийг өдөр бүр тогтмол хийнэ. 24 цаг жижүүрт гарах болгонд хийнэ. Тэгээд л ажил үүргээ гүйцэтгэхээр явна даа.
Ингээд бид нохдын сургалтын талбай руу очлоо. Сургалтын талбайд нохдод зориулсан олон хэрэгслийг байршуулжээ. Үсрэх, харайх, мөлхөх, алхах янз бүрийн дасгалыг энд хийнэ. Нохдыг тэдгээр хэрэгсэл дээр зэрэг гаргадаггүй. Нэг нэгээр нь ээлжийн дагуу бэлтгэлийг хийлгэдэг. Хэрэв цуг гаргавал булаацалдаж, муудалцах явдал гардаг гэнэ. Ингээд эхлээд Шонхор дуудлагат нохой сурсан зүйлээ үзүүллээ. 7 настай хөгшин нохой учир харайх хэрэгслийг жаахан багасгаж бэлтгэв. Ингээд гараанаас гарахад үсэрч дүүлж, харайж, мөлхөж, сүлжиж алхсаар нэг л мэдэхэд бариандаа ирээд эзэндээ эрхлэн зогсов. Дараа нь Альфа гараанаас хурдхан гармаар байгаа мэт эзнийхээ гараас дүүлсээр зогсоно. Альфад зориулсан хэрэгслийг бүгдийг бүрэн гүйцэт хийсний дараа төлөөлөгч нь гараанаас гарах дохио өгөхөд сум шиг л харван одлоо. Үнэхээр хурдтай ажээ. Хажууд зогсож байсан Шонхорын төлөөлөгч Д.Чингэл “Залуу нохой хурдан байгаа биз. Аргагүй л дээ. Буутай хүний өөдөөс үсрэх зориулалттай бэлтгэгдсэн. Сумнаас хурдан байхгүй бол болохгүй. Хулгайч, дээрэмчид ихэнхдээ хар бараан хувцас өмсдөг болохоор хар бараан хувцастай хүн рүү үсэрчих гээд байдаг юм. Та хэдээс хар хувцастай руу нь дүүлээд байгаа биз. Тийм болохоор хошуувчийг нь зүүлгэж дасгалыг нь хийлгэж байгаа юм” гэв. Үнэхээр ч нүдний хараа гүйцэхээргүй хурдан нохой юм. Нэг л мэдэхэд талбайд байрлуулсан 9 хэрэгслийг бүгдийг нь дуусгачихсан гарааны зурвас дээр “Дахиад нэг” гэсэн янзтай сууна. Альфа байс гээд л хошуувчаа шатны доод руу чихэж мултлах гэж үзнэ. Яагаад ингэж байгааг нь сонирхоход "Хошуувч нь нухаад байгаа байх. Энгийн үед дандаа хошуувчгүй дасгал хийдэг юм" гэлээ. Сургуультай нохой энгийн хүн барьсан тохиолдол байдаг эсэхийг лавлахад "Одоогоор тийм тохиолдол гараагүй" гэлээ.
Дараа нь бидэнд хоёр нохойн мөлхөх, өнхрөх, суух, босох, хэвтэх зэрэг үзүүлбэрийг үзүүлсэн юм. Эдгээр бүхий л дасгалаа нэг бүрчлэн сайн хийгээд, өөрсдийн идэх дуртай цагаан самар, печениэр урамшуулал хүртэн, түүнийгээ идэж эрхлэн зогсов.
С.ОТГОНБАЯР
АДМИН







Нийгэм





