2024 оны 4 сарын 25-28 ний өдрүүдэд Хорватын бүгд найрамдах улсын нийслэл Загреб хотноо болж өнгөрсөн нохойн Дэлхийн аварга шалгаруулах үзэсгэлэн тэмцээнд Монголын Нохой судлалын холбооны баг бүрэлдэхүүн оролцож, тэмцээнд оролцсон Монгол Банхар ноход World Cup Winner 2024, болон Хорватын аварга цолны болзол хангаад ирлээ.
Уг тэмцээн өнгөрсөн жил Монгол улсад зохион байгуулагдсан тэмцээн уралдаанд шилдгээр шалгарсан ноход болох Монгол Улсын аварга Шандын харуул ХАНГАРЬД (Эр, 5 нас), Монгол Улсын их аварга Говийн сор ТОЛИГОР (Охин, 4 нас), Монгол Улсын аварга Говийн сор ГҮЕН (Охин, 1 нас) нар оролцлоо.
Тэмцээний онцлох амжилт нь бусад Европ болон Азийн орнуудын уугуул нохдын ангиллын өрсөлдөөнд Монгол Банхар нохой шилдэг нохойгоор шалгарсан нь уг үүлдрийг дэлхийн шилдэг шүүгчид хэрхэн үнэлж байгааг, болон Монгол Банхар үүлдэр нь дэлхийд бүртгэгдэхэд хэдийн бэлэн болсныг харуулсан баяртай үйл явдал боллоо.
Загреб хотод зохион байгуулагдсан Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дээр зөвхөн нохдоо тэмцээнд оролцуулахаас гадна дэлхийн том шүүгч нар, албаны хүмүүс, орон орны төлөөлөгчдөд Монгол Банхар ноходтой биечлэн танилцах боломж олгох, үүлдрийн стандартаа танилцуулах, мөн Монгол нүүдэлчин ахуй соёлоо сурталчлан ажиллаад ирлээ.
Монголын нохой судлалын холбоо нь 2009 оноос цэвэр үүлдрийн нохдын удмын сангийн бүртгэлийг тасралтгүй хөтөлж, өнөөдрийн байдлаар 8,000 гаруй Монгол Банхар үүлдрийн нохойны 5-7 үеийн удмын сангийн бүртгэл, бусад 40 гаруй үүлдрийн нохдын 16,000 гаруй удмын сангийн бүртгэлийг хийжээ. Цэвэр үүлдрийн нохой үржүүлэгч, тэжээгч, сонирхогч нарыг ийнхүү нэгдэж чадсанаар 2016 онд Олон улсын нохой судлалын холбоонд гишүүнээр элсэн, 2023 оноос олон улсын цол олгох эрхтэй тэмцээнийг зохион байгуулж байна.
Нэгэн үе ховордож, устаж алга болох хүртэл эрсдэлд орж байсан Монголын нүүдэлчин өв соёлын нэг хэсэг болсон хоточ Монгол Банхар нохойг Дэлхийд бие даасан үүлдрээр бүртгүүлэх албан ёсны хүсэлтийг гаргах, гишүүн орнуудын дэмжих санал хураалт нь 2025 оны Дэлхийн нохой судлалын холбооны ээлжит нэгдсэн чуулган дээр явагдана. Түүний бэлтгэл ажлын хүрээнд үүлдрийн дэлгэрэнгүй танилцуулга, шинжлэх ухааны судалгаа, хэмжилтүүд, эрүүл мэндийн шинжилгээ, зан төлөвийн тест хийх зэрэг шаардлагатай бэлтгэл ажлуудыг базааж байна.
АДМИН







Нийгэм





