Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын санаачилгаар гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Өсвөрийн парламент-2023” хөтөлбөр хаалтаа хийж, оролцогч хүүхдүүд, багш нар, хамтран ажилласан байгууллагуудад батламж гардуулах ёслолын ажиллагаа Төрийн ордонд боллоо.
“Өсвөрийн парламент-2023” хөтөлбөрийн Монгол Улсын Их Хурал, НҮБ-ын Хүүхдийн сан, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Монголын Скаутын холбоо хамтран үндэсний хэмжээнд амжилттай зохион байгууллаа. Мөн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, “Парламентын боловсрол” хөтөлбөрийн сургагч багш нар хөтөлбөрийг дэмжин ажиллав.
Батламж гардуулан ёслолын ажиллагаанд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат, Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга М.Үнэнбат, Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга, “Парламентын боловсрол” хөтөлбөрийн үндэсний зөвлөх Ц.Батбаатар, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Шадар суурин төлөөлөгч Ян Му, Швейцарын хөгжлийн агентлагийн дарга, Ерөнхий Консул Стефани Бурри, Улсын Их Хурлын Тамгын газрын Судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Ихтамир, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал С.Өнөрсайхан, Монголын Скаутын холбооны хөтөлбөрийн дарга М.Мөнхдорж, “Өсвөрийн парламент 2023” хөтөлбөрийн зохицуулагч С.Бадмаараг болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Энэ удаагийн хөтөлбөрт анх удаа Монгол Улсын өнцөг булан бүрээс шалгарсан 150 оролцогч оролцсон бөгөөд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Өсвөрийн парламент” хөтөлбөрийн нэрэмжит төгөлтэй болсноороо онцлогтой. Энэхүү хөтөлбөрөөр НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд өсвөр үеийнхний оролцоог нэмэгдүүлэх, байгаль орчин ээлтэй амьдралын хэв маягийг хэвшүүлэх, уур амьсгалын өөрчлөлийн эсрэг үе тэнгийнхэндээ эерэг нөлөөллийг үзүүлэх чадварыг олгохыг зорьдог юм.
"Өсвөрийн парламент 2023” хөтөлбөр “Эрүүл хүүхэд-Эрүүл орчин” сэдвийн дор зургаан сарын хугацаанд оролцогчдод орчны эрүүл мэндийн чиглэлээр мэдлэг, мэдээлэл олгохын зэрэгцээ ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль тогтоох үйл ажиллагаа, парламентын боловсролыг олгож, шийдвэр гаргах түвшинд өөрсдийн дуу хоолойг үр дүнтэй хүргэхэд шаардлагатай мэдээллийг өгч чадсан юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
АДМИН







Нийгэм





