МЗЭ-ийн Үндэсний төвүүдийн нэгдсэн чуулган 2024 оны 5-р сарын 10-нд Үндэсний номын санд боллоо.
МЗЭ-ийн дүрмийн 5.14-д заасны дагуу МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга Б.Ичинхорлоо өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын тайлан, өөрийн дэвшүүлсэн "4х4" мөрийн хөтөлбөрийнхөө биелэлтийг танилцууллаа.
Удирдах зөвлөлийн даргын тайланд МЗЭ-ийн 2022 оноос хойших ажил дэлгэрэнгүй туссан тул Үндэсний төвүүдийг төлөөлж Яруу найргийн үндэсний төвийн тэргүүн Н.Минжинсайхан, МЗЭ-ийн Хяналтын зөвлөлийн дарга Б.Урангоо нар тайлангаа тавив.
Тайлан илтгэлүүдтэй холбогдуулан санал шүүмжлэл өрнүүлэхэд Ардын багш, доктор, профессор С.Дулам, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ч.Дагвадорж, Ү.Хүрэлбаатар, Ц.Энхбат, Үйлчилгээний гавьяат ажилтан, яруу найрагч Б.Чимэд, Гавьяат барилгачин, яруу найрагч, орчуулагч А.Мягмаржав, Д.Нацагдоржийн шагналт, зохиолч Ц.Түмэнбаяр, "Тал бичээч" нэрээрээ танигдсан яруу найрагч, шог зохиолч Д.Жаргалсайхан нарын гишүүд үг хэлэв.
Бага чуулганы гишүүн Ш.Баттөр, Б.Энхтөр нар МЗЭ-ийн одоогийн удирдлагыг хангалтгүй ажиллаж байна хэмээн дүгнэж, Онц их хурлыг зарлах санал гаргасан ч Бага чуулганд оролцсон гишүүдийн олонх нь тэрхүү саналыг хүлээн авахаас татгалзав. МЗЭ-ийн Их чуулган 2025 онд хуралдана. Тэр хүртэл мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, МЗЭ-ийн өдөр тутмын үйл ажиллагааг улам эрчимжүүлэн ажиллахыг Удирдах зөвлөл, Гүйцэтгэх захирлын Ажлын албанд даалгаснаар энэ удаагийн Бага чуулган өндөрлөлөө.
АДМИН







Нийгэм





