СХД-ийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байр захиалсан иргэд байрандаа орж чадаагүй тодорхой хугацаанд өлсгөлөн зарлаж, суулт хийж буй. Энэ хэргийн талаар Нийслэлийн цагдаагийн удирдах газраас мэдээлэл хийлээ.
Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилсан сэргийлэх газрын чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч С.Баярбилэг: Энэ асуудалд цагдаагийн байгууллагаас дуудлага мэдээллийг хүлээж аваад, тухай бүрд нь мөрдөн шалгах ажиллагааг шуурхай хэрэгжүүлэн ажиллаж байна. Хамгийн анх 2023 оны аравдугаар сард СХД-ийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Монтай бүрд” гэх компани Хөх дэгд нэртэй хотхон буюу 556 айлын орон сууц барих явцдаа одоог хүртэл байрыг ашиглалтад оруулаагүй, иргэдийг залилж байна гэх гомдол цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Цагдаагийн байгууллагаас дээрх мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагааг шуурхай хэрэгжүүлсэн. Урьдчилсан байдлаар буюу шалгалтын явцад Монтай бүрд компани нь СХД-ийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хөх дэгд нэртэй орон сууцны хотхон барих төслийг хэрэгжүүлэхдээ 2023 оны байдлаар нийт 132 иргэнээс 2 тэрбум 8.8 сая төгрөгийн бартерын эд хөрөнгийг гэрээгээр халхавчлан авч, тухайн үед иргэдэд их хэмжээний хохирол учруулсан гэх асуудал тогтоогдоод байна. Тус хэрэгт компанийн захирал Б-г холбогдуулан шуурхай шалгаж байна. 2024 оны тавдугаар сарын 2-ны өдөр 48 цагийн хугацаатай иргэн Б-г баривчилсан. Мөн шүүхээс түүнд хилийн хориг тавьж, хязгаарлалт тогтоох, таслан сэргийлэх арга хэмжээг аваад мөрдөн шалгах ажиллагааг прокурорын хяналт дор шуурхай хэрэгжүүлэн ажиллаж байна. Монтай бүрд компанийн дансанд мөрдөн шалгах ажиллагааны явцад 2022 оны долдугаар сараас 2023 оны арванхоёрдугаар сарын хугацаанд үзлэг шалгалт явуулсан. Шалгалтын явцад нийт 4 тэрбум орчим төгрөгийн хохирлыг иргэдэд учруулсан байна гэх нөхцөл байдал тогтоогдлоо. Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу, хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж шалгалтын хэсэг байгуулаад, шалгалтын ажиллагаа үргэлжлэн явагдаж байна. Хохирогчдын хохирсон эрх ашгийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, аливаа эд хөрөнгийг битүүмжлэх, шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тавих зорилгоор Монтай бүрд компанийн эзэмшилд байдаг 16 айлын нийт 2.5 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 1.2 га газар, 7 тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тавиад мөрдөн шалгах ажиллагааг шуурхай хэрэгжүүлэн ажиллаж байна.
С.ОТГОН
АДМИН







Нийгэм





