Нийтийн тээвэртэй холбоотой хулгай луйвар илчлэгдээр байна. Манай улсын нийтийн тээврийн салбарын төлбөрийн системийг Солонгос компани хариуцдаг.
Өөрөөр хэлбэл 2014 онд Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөр тооцооны систем нэвтрүүлэх зорилгоор Нийслэлийн оролцоот "Улаанбаатар Смарт Карт компани"-ийг байгуулсан. Төслийн үндсэн хөрөнгө оруулагч нь “Korea Smart Card” ХК /T-money/ байдаг.
Уг нь Нийслэл хотын оролцоотой байгуулагдсан боловч иргэд автобусны картаа хэдэн төгрөгөөр цэнэглэдэг. Түүнээс хэдэн төгрөгөөр нь зорчиж байгаа гэх тоон мэдээлэл судалгаа алга.
Бид 10 жилийн өмнөөс буюу 2014 оноос эхлэн нийтийн тээвэрт "UB Smart cart"-ыг хэрэглээндээ нэвтрүүлэн ашиглаж буй. Гэтэл тус картны үлдэгдэл ямар ч хяналтгүйгээр гадагшаа урсаж байж болзошгүй байна.
Тодруулбал, Иргэд уг картыг авахдаа ямар нэгэн нэр, хаяг бүртгэлгүйгээр дурын дэлгүүрээс орж худалдан авдаг. Худалдаж авсан картаа дунджаар 3000-5000 төгрөгөөр цэнэглэдэг байна. Өөрөөр хэлбэл нийтийн тээврээр зорчихоосоо өмнө төлбөрөө урьдчилж төлдөг гэсэн үг. Гэтэл зарим иргэдийн хувьд картын үлдэгдэлээ дуусгалгүй хаяж гээж үрэгдүүлэх тохиолдлууд цөөнгүй гардаг.
Тэгвэл уг картын үлдэгдэл төлбөр хаашаа урсдаг вэ?
Нийслэлийн хэмжээнд U money карт цэнэглэх 1000 гаруй цэг байдаг. Үүнд Түргэн үйлчилгээний цэг, хүнсний дэлгүүр, И-март, Номин супермаркет, Circle K, CU сүлжээ дэлгүүрийн салбаруудаас гадна Голомт банкны Изипэй ПОС төхөөрөмж ашигладаг 400 гаруй цэгүүдэд хандаж бэлнээр болон банкны картаар цэнэглэх боломжтой. Нэг сая гаруй карт зах зээлд борлуулагдсан. Үүнээс хэдэн картны данс үлдэгдэлтэй байгаа вэ? Тухайн хуримтлагдсан мөнгө ямар дансанд хуримтлагдаж хаашаа урсаж байгааг хянаж шалгах газар байхгүй байгаа нь харамсалтай.
Автобусны карт цэнэглэж байгаа иргэдийн хувьд 3000-5000 төгрөг байгаа нь хямд сонсогдож, төдийлөн гарлага гэж тооцохгүй байгаа ч гэсэн өнгөрсөн 10 жилийн хугацаанд хэдий хэмжээний мөнгө хуримтлагдсан бэ гээд бодвол тоймгүй тоо гарна.
Зөвхөн зах зээлд борлуулагдсан нэг сая картнаас бутархай дүнгээр тооцвол хэдэн тэрбум төгрөгөөр хэмжигдэх юм.
Иргэдийн хувьд U-money карт худалдан авалт хийхдээ ямар нэгэн бүртгэл үүсгэхгүй тул хаяж үрэгдүүлсэн тохиолдолд цэнэглэлт хийсэн мөнгөө буцаан авах боломж хомс байна.
Бид уг асуудлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн нэгдүгээр орлогч П.Сайзоригоос тодруулахад,
Тэрбээр,
"Уг картын үлдэгдэлд хэдэн төгрөг байгаа, хаана хуримтлагддаг асуудалд хяналт тавих зохицуулалт одоогоор байхгүй байна. Ер нь цаашдаа гадны компанид нийтийн тээврийн төлбөрийн системийг даатгаад яваад байж болохгүй. Тиймээс Солонгосын “Korea Smart Card” ХК /T-money/ -ийн хувьцааг шилжүүлж авах ажлыг зохион байгуулж хэлэлцээрийн түвшинд явж байна. Улаанбаатар Смарт Карт компани иргэдийн худалдаж авсан картын үлдэгдэл хуримтлагдсан мөнгө 4 тэрбум гаруй байна гэсэн мэдээлэл өгсөн. Энэ хуримтлагдсан мөнгийг буцаалт хийх боломжгүй. Учир нь хэн худалдаж авж цэнэглэлт хийсэн, картын эзнийг тодорхойлох боломжгүй ЭЗЭНГҮЙ орхигдсон байгаа юм. Тиймээс цаашид тухайн мөнгийг төрийн санд төвлөрүүлж нийтийн тээврийн салбарт зарцуулна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна" гэв.
АДМИН







Нийгэм





