Dark Light
Нийгэм | 2024-05-28

Д.Гантуяа: Харж сууж байгаад охиноо алдана гэж бодсонгүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Тавдугаар сарын 4-ний өдрийн үүрээр 21 настай охин осолд орж, тухайн өдрийнхөө маргааш буюу тавдугаар сарын 5-ны өдөр 09:00 цагийн үед Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэж эмчлүүлж байгаад тавдугаар сарын 25-ны өдөр нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Уг хэргийн талаар ар гэр нь бидэнд мэдээлж, ярилцлага өгөхийг хүссэн юм. 

Охины нагац эгч А.Туяацэцэг болон ээж Д.Гантуяатай ярилцлаа.

-Охин нь хэдэн настай вэ. Осолд орсон талаар та хэзээ мэдэв?

-Миний дүү 21 настай охин байсан. Авто ослын улмаас эмнэлэгт тавдугаар сарын 5-ны өдөр ирсэн байна лээ. Бид Дорнод аймгийн хүмүүс. Тавдугаар сарын 5-ны өдрийн үдээс хойш анх мэдсэн. Эмнэлэгт ирэнгүүт нь яаралтай хагалгаанд оруулаад, элэг бяцралтай гээд элэгний талыг нь тайрч авсан байна лээ. Түүнээс хойш хоёр хоногийн дараа дахин хагалгаанд ороод, ходоодны талыг тайрч авсан. Нойр булчирхайг бас авсан гэх эмчийн мэдээллийг бид авсан. Тавдугаар сарын 6-ны өдөр ээжийг нь Дорнод аймгаас яаралтай явуулж, би өөрөө тэр шөнөдөө яаралтай хот руу гарч, 7-ны өглөө ирсэн. Тэр үед дүү минь хагалгаанд орсон ч гэсэн жаахан ухаантай байсан. Тиймээс надад ямар хүн өөрийг нь дайрсан, юуны учраас дайрсныг ч хэлсэн. 

-Тэр хүнийг дүү нь таньдаг байсан юм уу?

-Өөрийнх нь найзалж, үерхээд сар гаруй болж байсан залуу юм билээ. 

-Тухайн үед тэр залуу нь согтууруулах хэрэглэсэн байсан уу?

-Согтуу байсан юм билээ. Согтуу байсан гэж хэлсэн. Араас нь очиж авах гэж байгаад мөргөсөн гэж хэлсэн. 

-Та бүхнийг ирэхэд дүү нь ямар байдал тай байсан бэ?

-Үнэхээр хэцүү байдалтай байсан. Эргэлтээр ирэхэд хамаг гэдэс дотрыг нь уудлаад авчихсан бололтой энд тэндгүй цус нөж, шүүс гоожсон байсан. Бид дүүгээ хөл дээрээ босохгүй ч гэсэн ядаж аав ээждээ харагдаад байж байгаасай, хүн шиг босоод суучхаасай гээд хорин хэд хоног тэсэж, эмнэлгийн үүдэнд хонон өнжин, дүүгээ сахиж байгаад өнөөдөр (тавдугаар сарын 25-нд) дүүгээ алдлаа. 

-Цагдаад хандсан уу. Юу гэж байх юм?

-Баянгол дүүргийн цагдаагаас шалгаж байгаа. Цагдаатай холбогдоод асуухад одоохондоо мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа болохоор ар гэрийнхэнд нь мэдээлэл өгөх боломжгүй гэсэн. 

-Тухайн дайрсан гээд байгаа залуу нь яасан юм бол?

-Тэр залуу гадуур сул чөлөөтэй явж байгаа. Хоригдоогүй. Саяхан БГД-ийн эрүүгийн хэргийн цагдаа руу шилжсэн гэсэн. Тэгэхэд би тэр байцаагчтай нь ярьсан. Байцаагч нь ямар ч байсан хорино. Энэ хүнийг хорих ёстой л гэж хэлсэн. Өнөөдөр би дахиад ярьсан. Дүү маань нас барчихлаа. Тэр хүн оргон зайлж, зугтах ч юм билүү. Бид яах ёстой вэ гэж асуухад бид эргээд холбогдоно оо. Наад асуудал чинь прокурор дээр байгаа гэж хэлсэн. 

-Таныг анх ирэхэд охин нь ямар байдалтай байсан бэ?

Ээж нь: Би ирээд охинтойгоо уулзахад охин минь ухаантай байсан. Ээждээ бүх зүйлээ хэлсэн. Ээжээ би босно оо. Охиноо босгоорой гэсэн. Ээжээ охиныг нь тэгж зодсон, ингэж зодсон шүү ээжээ гээд хэлсэн. Үнэхээр аймшигтай байдалтай байсан миний охин. Би өнөөдөр харж сууж байгаад охиноо алдчихна гэж бодоогүй. 

-Эмнэлэгт хугацаа алдаж ирсэн гэсэн шүү дээ. Анх дуудлагыг хэн өгсөн юм бол. Хэн хүргэж ирсэн юм бэ?

Нагац эгч нь: Эмнэлэгт тэр дор нь авчраагүй юм билээ. Мөргөчхөөд гэртээ нэг хонуулсан юм билээ. Маргааш нь найз нь ирж түргэн дуудаж эмнэлэгт авчирсан юм билээ. Нэг хоногийн хугацаа алдалгүй тэр дор нь эмнэлэгт хандсан бол өдийд миний дүү амьд байх ч байсан юм билүү. Хэн ч хэлж мэдэхгүй. Тиймээс тэр хүнд үнэхээр гомдолтой байна. 

-Нэг хоног хаана байсан юм бол?

-Өөрийнх нь ярьснаар гэртээ аваачсан гэсэн. Өөрөө хэлэхдээ ямар ч байсан наад хүн чинь намайг албаар дайрсан юм шүү эгчээ гэж хэлсэн. 

-Тэр хооронд ямар байдалтай гэртээ байлгасан бол?

-Тэгэхдээ миний дүүг эмч дуудаад өгөөч гэхэд “Битгий баашлаад бай” гээд түргэн тусламж дуудаж өгөөгүй байсан. Дайрсныхаа дараа “Худлаа битгий баашлаад бай” гээд миний дүүг зодсон байсан. Түргэн дуудаж өгөөч гээд орилоход нь хоёр удаа нүүр рүү нь алгадсан гэж өөрөө хэлсэн.

-Ямар гэмтэлтэй ирсэн талаар эмч нар тайлбарласан уу?

-Намайг анх ирэхэд эмчилж байсан эмч нь “Ямар ч байсан бид түргэн тусламжийн анхны арга хэмжээг авсан. Элэг нь бяцарсан учраас элгийг тайрсан. Ходоодыг нь бас тайрсан. Нойр булчирхайг авсан. Тийм учраас одоо харзнах л үлдлээ. Авах арга хэмжээгээ бол авчихлаа” л гэж хэлж байсан. Хоёр хоногийн дараа дахиад сандаргалаа, дахин хагалгаанд орлоо гэсэн. Тэгээд намайг эмнэлэгт ирэхэд ходоодыг нь тайрсан учраас нарийн, бүдүүн гэдэс нь хоорондоо гуурстай учраас түгжрэл өгөөд байна. Тиймээс гуурсыг нь аваад нарийн бүдүүн гэдсийг нь хооронд нь холбож оёлоо гэж хэлсэн. Түүний дараа бие нь сайжирч тэнхээ орохыг нь хүлээе гэсэн. Түүнээс хойш 48 цагийн дараа дахиад л хагалгаанд орсон. Ингээд найман удаа хагалгаанд орсон. Миний дүү найман удаагийн хагалгааг дийлсэнгүй дээ. Босч ирж чадсангүй. 

-Та бүхэн тавдугаар сарын 6, 7-нд ирсэн. Хотод очих газар бий юу. Хаана байгаа вэ?

-Бэр эгч минь тавдугаар сарын 6-нд ирсэн. Би 7-нд ирсэн. Бэр эгч минь өнөөдрийг хүртэл Гэмтлийн сэхээний үүдэнд, хүлээн авахынх нь л үүдэнд хориод хонолоо. Өнөөдөр охиноо алдсанаа сонсоод хоёр ч удаа татаж унасан. Эгчийн минь бие сайнгүй л байна. Ах минь бас ирчихсэн. Очих газар байхгүй. Эмнэлгийн гадна машиндаа хүлээгээд сууж байна. Бид задлан шинжилгээг нь хийлгэсний дараа дүүгийнхээ шарилыг аваад нутаг руугаа явах санаатай байгаа. Ямар ч байсан аваад явна. Тэгэхээр дүүгийнхээ шарилыг ачаад явах зардалд ард түмэн та бүхэн минь туслаач ээ гэж хүсмээр байна. Аав нь элэгний хорт хавдартай. Байнгын эмчилгээ хийлгэдэг. Ээж нь ноднин дөрөвдүгээр сард аваарт ороод, хөл нь хугархай таягтай ийм л хүмүүс байдаг юм. Би аавынх нь төрсөн дүү. Хөл гар, бие муутай ах эгчийгээ төлөөлөөд ирчхээд ингээд явж байна. Энэ хоёр минь Гэмтлийн эмнэлгээс гараад явахад газар мэдэхгүй. Би л авч явахгүй бол зам мэдэхгүй. Бид дүүгийнхээ шарилыг аваад нутаг буцах зардал мөнгөнд ард түмэн минь туслаач гэж хүсэж байна.

Хэргийг Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс тодрууллаа.

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр “Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс Эрүүгийн хэрэг үүсгээд, хэрэгт холбогдогчийг хорих санал прокурорт хүргүүлсэн юм байна. Прокуророос татгалзсан хариуг бичгээр өгсөн байна” гэсэн хариуг өгөв. Прокурорын ерөнхий газрын хэвлэл мэдээллийн албанаас тодруулга хүссэн боловч одоогоор ямар нэгэн мэдээлэл өгөөгүй байна.

Өчигдөр буюу тавдугаар сарын 27-ны өдөр нас барсан охиныг Шүүх шинжилгээний хүрээлэнгээс эмч нар томилогдон задлан шинжлэх ажиллагаа хийгджээ. Ийм тохиолдолд хол замд тээвэрлэхдээ зориулалтын автомашинаар шарилыг тээвэрлэх ёстой гэж мэргэжлийн эмч нар зөвлөжээ. Тус машин нь тээвэрлэлт хийх зардал нь 1 км нь 1000 төгрөг. Дорнод аймгаас ирж очих 1300 км нь 1.3 сая төгрөг болох аж. Энэ мөнгө охины ар гэрийнхэнд байхгүй. Охиноо босоод ирэх болов уу хэмээн итгэж өвчтэй ээж, аав нь байсан бүхнээ охиндоо зориулжээ. Гэвч харуусалтай мэдээгээр төгслөө. Ийнхүү ар гэрийнхэн нь буцах зардал болоод, охиноо оршуулах зардалд туслаач хэмээн сайхан сэтгэлт монгол түмэндээ хандаж буй нь энэ ажээ.  

С.ОТГОНБАЯР

Бичлэг үзэх: 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10