Dark Light
Нийгэм | 2024-05-29

Галзуу хулгана дээр нас барсан иргэн 19 настай паркийн цагийн ажилтан байжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу хүүхдийн паркийн галзуу хулгана дээр тоглож байсан хүүхэд нас барсан хэрэг гарчээ. Газар дээр нь цагдаагийн байгууллагаас ажиллаж байна. Энэ талаар Үндэсний соёл амралтын хүрээлэнгээс сурвалжиллаа.

Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн ажилтнаас тодруулав.

-Та осол болох үед энд байсан уу?

-Байсан.

-Тухайн үед юу болсон талаар мэдсэн үү?

-Хүүхэд тоглоомд суухдаа зүгээр суугаад, бууж ирэхдээ ухаангүй байсан. Тийм л асуудал болсон. Осол ерөөсөө биш гэлээ. 

Үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн алба хаагчдаас тодруулга мэдээлэл өгөхийг хүссэн ч “Шалгалтын ажиллагаа явагдаж байгаа учир ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

Ингээд тухайн үед Галзуу хулгана дээр тоглож байсан хүүхдүүдтэй ярилцлаа. 

-Тухайн үед юу болсон юм бол. Та нар мэдсэн үү?

-Тоглоомоос унаагүй. Бууж байхдаа ухаан алдчихсан. 

-Галзуу хулгана дээрээс бууж ирээд үү?

-Тийм. Бууж ирснийхээ дараа ухаан алдсан. Тэгээд хэвтэж байхыг харсан. Галзуу хулгана зогсоод ухаан орохгүй болохоор нь хоёр найз нь буулгаж ирсэн. Тэгээд бид уг нь Галзуу хулганад суух гэж байтал “Түр ажиллахгүй шүү” гээд хаачихсан. Тэгтэл хоёр найз нь бууж ирээд л уйлаад байсан. 

-Яг хэзээ энэ үйл явдал болсон юм бол?

-2 цаг арай хүрэхгүй. 1 цаг 20 минутын өмнө л байх. Ухаан алдаад уначихсан юм байна гэж бодоод бид явчихсан юм. Тэгээд жаахан байж байгаад буцаад иртэл тууз татчихсан, цагдаа нар ирчихсэн байсан. 

-Ямар хүүхэд байсан юм бол. Харсан уу?

-Цагаан подволктой эрэгтэй хүүхэд байсан. Газар хэвтүүлчихсэн байсан болохоор хэд орчим настайг мэдээгүй. Жаахан л хүүхэд шиг байсан. Ямартаа ч хоёр найзтайгаа явж байсан. Биднийг очтол “Холд холд” гээд ойртуулаагүй.  

Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн ажилтнаас тодруулахад “Энэ ямар нэгэн ослын шинж чанартай зүйл болоогүй. Тухайн хүүхдийн тоглоомд суусан, буусан бичлэг байгаа. Цагдаагийн байгууллагын үзлэг, шалгалт явагдаж байна. Маш харамсалтай үйл явдал боллоо. Гэхдээ та бүхэн маань зөв мэдээллийг түгээгээрэй. Хууль хяналтын байгууллагын шалгалтын ажиллагаагаар тодорхой болох байх” гэв. 

Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн үйл ажиллагаа хариуцсан захирал н.Ариунжаргалаас тодрууллаа.

-Тухайн үед юу болсон талаар тодруулахгүй юу?

-Гэнэтийн золгүй явдал тохиолдлоо. Гэр бүлийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлье. Ямар нэгэн техникийн дутуу байдлаас болсон аваар гэмтэл болоогүй. Тухайн хүн манайд цагийн ажилтнаар ажилладаг. Тавдугаар сарын эхээр ажилд орсон ажилтан байсан. Өнөөдөр түүний хувьд ээлжийн өдөр биш. Энгийн үйлчлүүлэгчийн хувьд ирсэн үед ийм зүйл тохиолджээ. Шүүх шинжилгээний бүрэлдэхүүн ирж бидэнд өгсөн зөвлөмжийн дагуу бид ар гэрт нь мэдээллийг хүргэсэн. Анхны мэдээллээр бага насны буюу 12-13 насны дүүтэйгээ явж байсан гэдэг мэдээлэл байна.   

Цагдаагийн ерөнхий газраас өгсөн мэдээллээр “Цагдаагийн байгууллагад 2024 оны тавдугаар сарын 29-ний өдөр 15:54 цагт Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байх "Үндэсний соёл амралтын хүрээлэн"-д 18-19 орчим насны иргэн "Галзуу хулгана" тоглоом дээр суугаад бууж ирэх үедээ нас барсан байдалтай байна" гэх мэдээллийг ирүүлсэн. Уг дуудлага мэдээллийн дагуу нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүний алба хаагчид хойшлуулшгүй ажиллагааг явуулж байна” гэлээ.

С.ОТГОН


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10