Өнөөдөр 15.30 цагийн орчимд Сүхбаатар дүүрэг, Үндэсний соёл амралтын хүрээлэнгээр үйлчлүүлсэн 18-19 орчим насны иргэн амь насаа алджээ.
Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн Мэдээлэл технологийн үйлчилгээний газрын захирал А.Дөлгөөн:
Өнөөдөр 15:30 цагийн орчимд Галзуу хулгана гэдэг тоглоом дээр сууж явсан хүүхэд нас барсан харамсалтай зүйл боллоо. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн сайтуудаар техникийн нөхцөлөөс болж нас барсан гэдэг мэдээллүүд яваад байна. Ямар нэгэн байдлаар тийм зүйл болсонгүй. Болсон явдлын тухайд зүв зүгээр суусан хүүхэд маань буух үедээ ухаан алдаж, таталт өгсөн байдалтай байсан. Манай паркийн эмч эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн. Өнөөдөр онцгой байдлын өдөрлөг манай дээр болсон. Хоёр албан хаагч ирж туслалцаа үзүүлсэн. Мэдээж 103 дуудсан. Түргэн тусламжийн багийнхан ирсэн ч гэсэн амь насыг нь аварч чадсангүй. Ийм харамсалтай үйл явдал боллоо.
Дүүтэйгээ явсан гэх мэдээлэл бий?
Тийм. Хамт явсан. Дүү нь гэсэн мэдээлэл байна. Ар гэрийнхнийг нь дуудаад уулзалдсан байгаа.
Өмнө нь унаж татдаг өвчтэй байсан гэх мэдээлэл яваад байгаа?
Ар гэрийнхэн нь тиймэрхүү мэдээлэл өгсөн. Бид нарын хувьд бодит, 100 хувь үнэн мэдээлэл байхгүй байна. Бүрэлдэхүүн ажиллаад, шүүх шинжилгээний баг хүртэл ажилласан. Шүүх шинжилгээний багийнхан тодорхой илүү гаргах байх.
Галзуу хулгана тоглоомыг хэдэн онд ашиглалтад оруулж байсан бэ. Шинэчлэл хийсэн үү?
Энэ тоглоом 2011 оноос хойш ажилласан. Гэхдээ баталгаажуулалтын хугацаа дууссан гэдэг шалтгаанаар түрүү жил зогсоогоод энэ жилийн дөрөвдүгээр сард бүх зүйлийг нь шинэчилсэн. Үйлдвэрлэгчийнх нь багийнх нь хүмүүс өөрсдөө ирээд, баталгаажуулалтаа хийгээд, үзлэг шалгалтаа хийгээд “за одоо явж болно” гэсний дагуу явуулсан. Ямар нэгэн техникийн осол болсон зүйл одоогийн байдлаар байхгүй. Дээрээс нь манай засвар үйлчилгээний багийнхан өглөө болгон шалгаж, үзлэгийг тогтмол хийж гаргадаг. Ямар нэгэн алдаа дутагдал юм уу, чимээ гарахад бид тоглоомыг зогсоодог. Аль болох аюулгүй байдлыг эрхэмлэн ажиллаж байна. Гэхдээ ийм зүйл болсон нь харамсалтай байна.
Хүүхдэд анхны тусламжийг хэдэн минутын дараа үзүүлсэн юм болоо?
Анхны тусламжийг манай ажиллуулж байгаа ажилтан маань тэр дор нь үзүүлсэн байсан. Дүүтэйгээ явж байсан учраас туслаарай гэж хэлээд, манай ажилтад очиход таталт өгчихсөн байсан учраас үнэртэй ус үнэртүүлэх, хажуу тийш нь харуулж хэвтүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авсан байна лээ.
Тоглоом болгон дээр санамж бий. Микрофоноор операторууд очерлодог хэсэг дээр ирэнгүүт “зүрх судасны өвчтэй, нуруу нугасны өвчтэй хүмүүс суухыг хориглоно. 100 км-аас дээш жинтэй хүмүүс суухыг хориглоно. 150 см-аас доош өндөртэй хүүхдүүд болохгүй” гэх мэт бүх санамжуудыг хэлдэг. Мөн санамжуудаа байршуулчихсан байдаг. Бүх боломжит хувилбараар санамжаа байнга хэлдэг. Галзуу хулгана тоглоом 2-3 минутад замаа туулж дуусдаг.
Б.ТҮВШИН
АДМИН








Нийгэм






