Шенгений визийн төлбөр 06 дугаар сарын 11-ний өдрөөс нэмэгдэнэ гэдгийг Европын комисс мэдэгдлээ. Насанд хүрэгчдийн визийн үндсэн төлбөр 80-90 евро, хүүхдийнх 40-45 евро байсан бол удахгүй 12 хувиар нэмэгдэх төлөвтэй байна. Энэхүү өсөлтийг Европын комисс гишүүн орнуудын инфляцтай холбон тайлбарлажээ.
Гэхдээ визийн төлбөр нэмэгдсэн ч гэлээ бусад улс орны визний хураамжтай харьцуулахад харьцангуй хямд хэвээр байна. Тухайлбал, Их Британид 134 евро, АНУ-д 185 евро, Австрали 117 еврогийн хураамж авдаг.
Шенгений орнуудад Ирланд, Кипрээс бусад Европын холбооны гишүүн орнууд багтана. Румын, Болгар нь Европын холбооны гишүүн орон мөн ч Шенгений дүрмийг хэсэгчлэн хэрэгжүүлдэг учир бүрэн бүрэлдэхүүн хэсэг нь биш юм. Харин Норвег, Исланд, Лихтенштейн, Швейцар улсууд нь Европын холбооны гишүүн биш боловч Шенгений бүсэд багтдаг.
Европын комисс гурван жил тутамд визийн хураамжийг дахин үнэлж, үнийг нэмэгдүүлэх боломжтой. Үүнд инфляцын түвшин болон гишүүн орнуудын төрийн албан хаагчдын дундаж цалин нөлөөлдөг. Энэ удаагийн өөрчлөлтийг өнгөрсөн оны 12 дугаар сарын 2-нд гишүүн орнууд олонхын саналаар дэмжиж, 02 дугаар сарын 2-нд үнийн саналыг гаргажээ.
Нэмж дурдахад, Шенгений визний сунгалтын хураамж 30 евро хэвээр байна.
Эх сурвалж: EURO NEWS
АДМИН








Нийгэм







