Нийслэлийн замын хөгжлийн газрын бодлого төлөвлөлтийн хэлтсийн төлөөлөл, "Тотал Инж" ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Анхбаяр, зураг төслийн зөвлөх инженер Ч.Намшир нар Яармагт баригдаж буй шинэ гүүрний талаар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн замын хөгжлийн газрын бодлого төлөвлөлтийн хэлтсийн төлөөлөл: Наадамчдын замаас Энхтайваны өргөн чөлөөтэй холбогдох томоохон төсөл байгаа. Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу автозамыг хөгжүүлэх, боловсронгуй болгох чиглэлээр бид ажилладаг. Энэ төлөвлөгөөний дагуу хотын 5 жилийн төлөвлөгөөнд үндсэн замын сүлжээг бий болгох зорилт дэвшүүлсэн. Үүн дээр бид хотын Шинэ тойрог зам төслийг ярьж байгаа. Шинэ тойрог замыг холбож буй үндсэн том босоо тэнхлэгийн замууд яригдана. Холбоос гол замуудыг хийхийн тулд өнөөдрийн энэ төсөл зөвхөн эхлэх шатандаа явж байна. Хамгийн түрүүнд бид Туул голтой холбох түүнийг даван гарах гүүрний ажлыг эхлүүлсэн. Гүүрийн ажилтай цуг холбоос зам хийгдэж байгаа. Нэгдүгээр үе шатанд ТЭЦ-ийн замыг Наадамчдын замтай холбох босоо тэнхлэгийн 2.8 км замыг, замын байгууламжийг барьж, энэ жилдээ хөдөлгөөнийг нээнэ гэсэн зорилго тавьсан. Хоёрдугаар шатанд Яармаг шинэ суурьшлын бүсийн гол холбоос замууд тавигдана. Үүнд 8 км орчим баригдах ёстой. Шинэ гүүртэй холбоно. Энэ төслүүдийн хүрээнд нийт 7 том гүүр баригдана. Бид өнөөдөр 3 жижиг гүүрийг барьчихсан. Наадамчдын зам дээр холбох том гүүрийг одоо барина. Үүнд ганцхан зам барилгын ажил явагдахгүй. Инженерийн дагуу шугам сүлжээ, хүчитгэх, хамгаалах, шилжүүлэх ажлыг давхар хийнэ. Цаашлаад үүнийгээ бид хонгилын системээр хийх ажлыг ч давхар хийж байна. Энэ бол цогц ажил. Өнөөдрийн харагдаж байгаа шиг ганц гүүрний ажил биш. Одоо бид барилгын үе шатыг, усны хуваарилалт, салаа голуудад гаргаж ирэх гүүрний хэсгүүд явагдаж байна. Түүний дөхөх зам, далангуудын ажил хийгдэж байна. Эд ажлын үе шатандаа яваа.
Зураг төслийн зөвлөх инженер Ч.Намшир: Бид тендерт оролцохдоо яавал сайн хийх вэ, яавал чанартай хийх вэ, яаж инженерийн шийдэлтэй олон жилийн баталгаатай хийх вэ гэдэг зүйлээр уралддаг болохоос муу, чанаргүй, өнөө маргаашаа аргалъя гэж хийдэггүй. Сонгууль ч гэсэн тэгж л явмаар юм. Аливаа нэг нам эвслийн талд ормооргүй байна. Бид инженерүүд өнөөдөр бухимдал үүсгээд буй хоцрогдсон хөгжлөө, сүлжээгээ гүйцээх гээд дагаад л хийгээд л явж байхад улам л мэрээд, унагаад явах юм. Үүн дээр их харамсаж байна
Би 2021 оноос хойш Яармагийн зураг төсөл дээр ажиллаж байна. Яармагт өнөөдрийн байгаа хүн амтайгаа нийлээд 70 мянган өрх айл суурьших төлөвлөгөөтэй явагдаж байгаа. Айл бүр өнөөдөр хотод дор хаяж нэг машинтай. Бид бүх тооцооллыг хийж байгаа. Бүх зүйл тооцоотой, мэдээлэл судалгаатай явдаг. 70 мянган айлын зам барилга ямар байх ёстой вэ. Өнөөдрийн түгжирч байгаа зам дээр дахин нэг түгжрэлтэй зам холбочихвол юу болох билээ. Олон улсдаа ч тэр манайд ч тэр хоёр давхар зам байна гээд заачихсан. Үүгээрээ төлөвлөлт хийсэн. Манай зам өвлийн улиралд халтиргаа гулгаа эхэлбэл ийм налуутай байна гэсэн судалгаатай. Түүндээ тааруулаад төлөвлөлт ороод ирэхээр доошоо Туулын эрэг рүү орох тусам өндөр байгаад байна. Тэгсээр байгаад одоогийн хэрэгжиж буй төслийн усанд авагдсан хэсэгт уг нь гүүр байгаа.
Энэ зам дээрээс ирсэн гүүртэй уялдахаар төлөвлөлтийн өндөр нь өөрчлөгдөөд явна. Тэгэхээр энэ гүүрийг нураагаад дахиад барина гэвэл бид улсын мөнгийг шамшигдуулсан болно. Ойлгомжтой асуудал. Тэгэхээр одоохондоо бид гүүрээ барихгүй. Дээрээсээ ирэх шинэ төсөл арга хэмжээтэй хамрагдаад өөрчлөлт оруулаад ороод ирнэ. Монголд замын инженер байна уу л гэх юм. Тэнэг инженер хийжээ л гэх юм. Тэр нь би байна. Би тэнд нэг гүүр устгаад явах уу, төлөвлөснөө зөв явуулах уу гэдэг асуудал. Инженерийн шийдлийг хүмүүсээс нь асуугаад, судлахгүйгээр шууд нийгмийн хар мэдээлэл явагдаад, хар мэдээллээр нийтээрээ бохирдож байна.
С.ОТГОНБАЯР




АДМИН








Нийгэм




