Тува улсын онц ноцтой гэмт хэрэгтнүүд хилээр олноор орж ирж байгаа гэх асуудалд ХХЕГ-аас тайлбар өглөө.
Хил хамгаалах Ерөнхий газрын дарга, Бригадын генерал Х.Лхагвасүрэн: Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хилд ямар нэгэн зөрчил гарсан зүйлгүй тайван байна. Монгол Улсын хил хамгаалалт шалган нэвтрүүлэх албыг олон улсын гэрээ хэлэлцээр, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу хилчид зохион байгуулж байна. Шалган нэвтрүүлэлт нь өөрөө их онцлогтой. Олон улсын 40 шахам гэрээ хэлэлцээр, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагддаг алба. Монгол Улсад УИХ-ын сонгуулийн компанит ажил өндөрлөөд маргааш сонгууль болох гэж байна. Үүнтэй холбоотойгоор зарим улс төрийн эвсэл Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр Шалган нэвтрүүлэх албаны талаар мэдээлэл хийлээ. Тухайлбал, Увс аймгийн Боршоогийн боомтоор олон тооны гэмт этгээдүүд Монгол Улсын хил нэвтэрсэн мэт мэдэгдлийг гаргалаа. Шалган нэвтрүүлэх боомтыг хөрш орнуудтайгаа нягт харилцан ажиллагаатайгаар хийдэг бөгөөд гэмт хэрэг үйлдсэн, олон улсад эрэн сурвалжлагдаж байгаа хүмүүсийн мэдээ мэдээллийг цаг тухайд нь солилцож, аль болох хөрш зэргэлдээ орон руугаа нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч ажилладаг. Үүнээс гадна Монгол Улсдаа Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Гадаадын иргэн харьяат газруудтай хамтран ажилладаг. Мөн орон нутгийн эдгээр байгууллагуудтай хамтран Шалган нэвтрүүлэх албыг өнөөдрийн байдлаар зохион байгуулж байна. Улсын хилийн аюулгүй байдал өөрөө их эмзэг сэдэв. Үндэсний аюулгүй байдлын салшгүй хэсэг болсон хил хамгаалалт аюулгүй байдалтай холбоотой аливаа нэгэн мэдээ мэдээлэл нь буруу ташаа байх юм бол улс орон хийгээд олон улсад хор уршигтай. Иймээс би өнөөдөр өөрийн биеэр мэдээлэл хийж байна. Хил хамгаалалт, шалган нэвтрүүлэлт хэвийн зохион байгуулагдаж байна. Хэрэв ямар нэгэн сэжигтэй зүйл мэдэгдсэн бол үүнийг Монгол Улсын иргэн тусгай албадад мэдээлэх үүрэгтэй. Тийм зүйл илрээгүй байхад Монгол Улсад аюул учирсан мэт мэдээлэл хийж байгаа нь Монгол Улсын нийт хилчдийн өмнөөс харамсалтай байна. Энэ байдлыг нэн даруй шалгаж тодруулж өгөөч хэмээн ТЕГ, ЦЕГ-т хандаад байна.
С.ОТГОН
АДМИН








Нийгэм







