НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Дотоод хэргийн их сургууль, Хүний эрхийн үндэсний комисс хамтран “Монгол Улсад хууль сахиулах ажиллагаанд хүний эрх, жендерийн тэгш байдлыг дээшлүүлэх нь” төслийг АНУ-ын Төрийн департаментын Мансууруулах бодис, хууль сахиулах асуудал эрхэлсэн Олон улсын товчооны санхүүжилтээр 2023 оноос эхлэн хэрэгжүүлж байна.
Тус төслийн Удирдах хорооны гурав дахь хурал өнөөдөр (2024.07.02) боллоо. Төслийн хүрээнд Дотоод хэргийн их сургуулийн төгсөгчдийн хүний эрх, жендерийн тэгш байдлын талаарх мэдлэг, чадвар, хандлагыг дээшлүүлэх, сургалтын хөтөлбөр болон орчин, нөхцөлийг сайжруулах, хууль сахиулах салбарт хүний эрх, жендерийн тэгш байдлын асуудлыг бэхжүүлэх, хууль сахиулагчдыг чадавхжуулах хүрээнд хэрэгжүүлсэн ажлуудыг танилцуулж, Удирдах хорооны гишүүд төслийн цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар санал солилцлоо.
Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Нямгэрэл уг төсөл хууль сахиулах салбарт зайлшгүй шаардлагатай чухал болохыг онцлоод хүний эрх, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, жендерийн тэгш байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлж буй оролцогч талуудад талархаж байгаагаа илэрхийллээ.
Өнөөдрийн хуралд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Орлогч суурин төлөөлөгч Лин Цао болон төсөл хэрэгжүүлэх нэгж, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Дотоод хэргийн их сургууль, Хүний эрхийн үндэсний комисс, АНУ-ын Элчин сайдын яамны холбогдох албаны төлөөлөл оролцов.
АДМИН








Нийгэм







