Онцгой байдлын ерөнхий газраас энэ сарын 03-ны өдрөөс 05-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт зохион байгуулах Гал унтраах техникийн олон төрөлт спортын улсын аварга шалгаруулах “Нада Буга-2024” тэмцээний нээлтийн ажиллагаа тус аймгийн “Миний Монгол цэцэрлэгт хүрээлэн”-д боллоо.
Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Д.Намсрай, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан, Онцгой байдлын байгууллагын бүсийн төвүүд болон Онцгой байдлын газрын удирдлагууд оролцож, тэмцээнд оролцогчдод амжилт хүссэн юм.
Улсын аварга шалгаруулах тэмцээнд 21 аймаг, нийслэлийн Онцгой байдлын газрын 32 багийн 400 орчим тамирчин оролцож, довтолгооны шат, саадтай 100м, 4х100 метрийн буухиа, байлдааны тархалт гэсэн дөрвөн төрлөөр өрсөлдөж, аваргуудаа шалгаруулна.
Уг тэмцээн анх таван төрлөөр зохион байгуулагддаг байсан бөгөөд гурав сунадаг шат төрөл дэлхийн аваргын төрлөөс албан ёсоор хасагдсанаар дөрвөн төрлөөр зохион байгуулагддаг болжээ. Энэ удаагийн тэмцээний нээлтийн үеэр гурав сунадаг шат төрлөөр Монгол улсын рекордыг эзэмшдэг спортын мастер, ахлагч Р.Энхтүвшин, спортын мастер, ахлах ахлагч Э.Эрдэнэбат мөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс байлдааны тархалтын төрлөөр Монгол улсын анхны хүрэл медалийг хүртсэн олон улсын хэмжээний мастер, хошууч Н.Нямсүрэн нар зодог тайллаа.
АДМИН








Нийгэм







