Dark Light
Нийгэм | 2024-07-08

Миний 40 жилийн хөдөлмөр бүтээлтэй хамт байсан бүх хүмүүстээ баярлалаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд шагнал одон, медаль гардууллаа. Энэ үеэр Монгол Улсын Дархан аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Г.Өсөхбаяр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртлээ. Түүнээс сэтгэгдлийг нь сонслоо. 

-Төрийн өндөр дээд цол хүртсэнд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Юуны өмнө монголын ард түмэндээ удахгүй болох Үндэсний их баяр наадмын мэндийг дэвшүүлье. Баяр наадмын өмнөхөн хөдөлмөр бүтээлээ үнэлүүлж төрийн эрхэм дээд цолыг хүртсэндээ баяртай байна. Анх 12 настайдаа аймгийнхаа хүүхдийн барилдаанд барилдаж түрүүлснээс хойш 40 жил өнгөрчээ. Монгол Улсын даян аварга олон түмэндээ Буур хэмээн алдаршсан өвөө аавынхаа удмыг залгаж, монгол үндэстний том дархлаа үнэт өв соёл болсон монгол бөхөөр тууштай хичээллэж, хөдөлмөрлөж, монгол төрийнхөө наадамд 4 удаа түрүүлж, Монгол Улсын дархан аварга цолыг хүртсэн. Үүний зэрэгцээ бөхийн чөлөөт барилдаанаар барилдан олимпын наадамд оролцож, Дэлхийн аваргын шагналт байр, Ази тивийн аваргын алтан медаль, Дэлхийн цомын хүрэл медаль гээд амжилтуудыг гаргаж байлаа. Бөхийнхөө залгамж халааг бэлтгэх зорилгоор байгуулсан Бөхбилэгт дэвжээний бөхчүүд сайхан амжилт үзүүлж байгаад их баяртай байдаг. Өнөөдөр миний удирдан ажиллуулж байгаа БХЯ-ны харьяа Зэвсэгт хүчний Алдар спорт хороо монголын спортын ууган, тэргүүлэгч томоохон байгууллага. Тамирчдын маань, багш дасгалжуулагчдын маань амжилт спортын түүхэнд тодоор бичигдэх бахдам сайхан амжилтуудыг гаргаж, үзүүлж байгаа. Миний алба хаах хугацаанд манай хамт олноос Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин дасгалжуулагч 22, ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальтан 25 гэх мэтээр маш олон сайхан амжилтуудыг бид үзүүллээ. Энэ жил Парист болох олимпын наадамд Монгол Улс 33 тамирчнаа оролцуулахаас манай 13 тамирчин бэлтгэл сургуулилтаа базаагаад явж байна. Энэ олон багш, дасгалжуулагч, шавь нарын маань бидний хамтын хөдөлмөрийг үнэлсэн сайхан шагнал байлаа гэж бодож байна. Миний 40 жилийн хөдөлмөр бүтээлтэй хамт байсан бүх хүмүүстээ баярлалаа. 

-Төрийн наадамдаа энэ жил зодоглох уу?

-Зодоглоно. Цолоо дуудуулна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10